Казахстаны Алматы хотод зохиогдож байгаа “Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ М. Дөлгөөн алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
“Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадамд 17 настайдаа мөнгөн медаль хүртэж бөхийн хүрээнийхэнд танигдсан тэрбээр Азийн аваргаас сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медаль хүртэв) иж бүрэн медалийн эзэн болж байна.
М.Дөлгөөн Алматыгийн дэвжээнд Узбекистаны Мадина Усмонжонова, эзэн орны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялж тивдээ анх удаа тэргүүлэв. Тэрбээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин боллоо.
Харин “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Шоовдор 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Азийн аваргад 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Алматыгийн дэвжээнд хэсэгтээ Энэтхэгийн Сарита Саритатай хийж 5:4-өөр, эзэн орны Диана Каюумоваг 13:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр тус тус ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд зоондоо ялсан өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Сарита Саритатайгаа дахин таарч 7:10-аар харамсалтай ялагдал хүлээлээ. Манай бөх 7:1-ээр илүүрхэж явсан ч барилдааны төгсгөлд алдаа гарган ялагдал хүлээжээ.
Мөн манай эмэгтэй бөхчүүдээс өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа амжилтаа ахиулж үзүүрлэлээ. Тэрбээр хэсэгтээ Энэтхэгийн Ниша Нишаг цэвэр, БНСУ-ын Жёон Ун Суныг 4:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр (10:0) ялсан билээ.
Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга, үе тэнгийн Кыргызстаны Меерим Жуманазаровад 1:6-гаар ялагдав. Ийнхүү эхний өдөр манай таван тамирчин зодоглосноос нэг алт, хоёр мөнгөн медальтай өндөрлүүллээ.
Өнөөдөр барилдах эмэгтэй таван тамирчиндаа амжилт хүсье.