Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.22/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд 24 цагт 1328 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 26692 болсон байна. Сүүлийн 24 цагт 426 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13,772 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлын 1245 нь Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн гурван , хөдөө орон нутаг 80 тохиолдол бүртгэгдлээ.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд таван иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 61 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар халдварын улмаас 3789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2124, хүндэвтэр 1293, хүнд 309, маш хүнд 63 хүн байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүндэвтэр, хүнд болон маш хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж, хөнгөн өвчлөлийн зэрэг буурч байгаа тоо ажиглагдаж байна. Мөн хүндээр өвчлөх байдал зөвхөн эрсдэлт бүлэг, ахмад настнууд төдийгүй залуусын дунд ихээр гарч байгааг анхааруулж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриалж байна.