Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ний өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо.
2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, Монгол ардын намыг тараах шийдвэрийг гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг онцолсон юм.