Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэж, 100 жилийн өмнөх амьдралыг эргэн сануулах “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар энэ сарын 24-ны өдөр үзэгчдийн хүртээл боллоо.
Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд заналхийлсэн харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, ард олноо энх жаргаланд учруулсан ардын журамт цэргийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг баримтад тулгуурлан, тод томруунаар толилуулах уг шоунд тайз, дэлгэцийн авьяаслаг жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр, Т.Баттулга, О.Амгаланбаатар, Р.Отгонбаяр, П.Баярмагнай, Б.Бадамцэцэг, Ц.Номин, Б.Мишээл, М.Намуунцэцэг нарын уран бүтээлчид хоёр багт хуваагдан өрсөлдсөн юм.
Тэгвэл шоуны дөрвөн дугаарт ялагч болж, агуулга, ур чадвар, найруулгаараа манлайлсан “Эмоци” продакшны захирал, МУСТА Д.Түвшинтөр ахлагчтай “Их хувьсгал” баг “Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийн “ШИЛДЭГ БАГ”-аар тодорлоо.
Мөн энэ үеэр шоунд оролцсон жүжигчин Б.Мишээл, Р.Отгонбаяр нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.
Соёлын тэргүүн ажилтан, жүжигчин Б.Мишээл нь “Дэлхийд дурласан сар”, “Учрал”, “Рэкет”, “One night”, “100 жилийн эморол”, “Надаар тоглосон хайр”, “Давхар цохилт”, “Эможи” олон ангит кино, “Нийслэл хүүхэн” олон ангит кино зэрэг чамгүй олон дэлгэцийн уран бүтээлд гол ба туслах дүрийг бүтээсэн авьяаслаг залуу уран бүтээлч.
Харин Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Отгонбаярыг Фантастик продакшны 37-р точка” киноны Тулгатын дүрээр үзэгчид андахгүй.
Хамгийн сүүлд “Orange entertainment”, “Nomadia Pictures”-ийн хамтран бүтээсэн “Нийслэл хүүхэн” телевизийн олон ангит киноны гол дүрд тоглосон билээ.
Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгасан жүжигчин Б.Мишээл, Р.Отгонбаяр нарт сайтынхаа уншигчдын өмнөөс урлагийн өндөр амжилт хүсье. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.