Гайхамшигт ахлагч Стивэн Жэррардын Ливэрпүүлд байгуулсан гайхамшигт ялалтууд, торгон агшнуудаас хуваалцъя.
Ахлагч маань анхны тоглолтондоо оролцсон 1998 оноос эхлэн өнгөрсөн жилийн Мэрсисайдын дэрбид хэт-трик хийх хүртэл олон гайхамшигтай ялалт байгуулж, гоолуудыг оруулж байсныг бүгд мэдэх биз. Эдгээрээс онцлох 10-г нь түүн авч жагсаая.
10. 2006 оны 4-р сар. PFA буюу Мэргэжлийн хөлбөмбөгчдийн оны шилдэг тоглогчийн шагналыг хүртлээ.
Жэррард Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны оны шилдэг тамирчны цомыг авсан энэхүү өдрөөс нэг өдрийн дараа тэрээр Ливэрпүүлийг ФА Цомын шигшээ тоглолтонд ялалтанд хөтөлж, Уэстхэмийн эсрэг Жэррардын финал хэмээн алдаршсан тоглолтонд оролцсон билээ. Тэрээр 2001 онд мөн Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртэж байсан юм.
9. 2003 оны 10-р сар. Ливэрпүүлийн ахлагч болов.
Тухайн үед Ливэрпүүлийг удирдаж байсан Жэрар Улье Сами Хюүпиагаас ахлагчийн туузыг 23-хан настай залуухан хагас хамгаалагч Стивэн Жэррардад шилжүүлэн өгсөн юм. Түүний залуу насыг үл харгалзан Жэрар Улье, Стивигийн гайхалтай удирдах чадварыг олж харан хөгжүүлснээр зөв цагт нь ахлагчийн туузыг түүнд зүүлгэсэн юм. Түүний ахлагчийн туузтайгаар оролцсон анхны тоглолт нь 2003 оны 10-р сарын 15-нд Олимпиа Любляна багийн эсрэг Европа Лигийн хүрээн дэх тоглолт байсан бөгөөд тэр тоглолтонд Ливэрпүүл өрсөлдөгчөө 3:0 –р буулган авч байсан юм.
8. 2006 оны 12-р сар. Хатан хааны шагналаар шагнуулав.
2006 онд авсан Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны шилдэг тоглогчийн шагнал нь тэр жил түүний авсан ганц шагнал байсангүй. 12-р сарын сүүлээр Ливэрпүүлийн ахлагч маань Их Британий эзэнт гүрний хатан хааны нэрэмжит шагналаар спортод гаргасан амжилтынхаа төлөө хүртэж хамгийн алдартай “Улаан” тоглогч болсон юм.
7. 1998 оны 11-р. Ливэрпүүлийн үндсэн баг дахь анхны тоглолт
Жэррардын агуу, гайхамшигт спортын замналын эхлэл нь Блакбурн Ровэрсын эсрэг 2:0 –р ялалт байгуулсан тоглолтоос эхэлжээ. Энэ үед ахлагч маань дөнгөж 18 настай байсан бөгөөд одоог хүртэл Ливэрпүүлийн төлөө 630 тоглолтонд оролцож багаа ахлан тоглосоор байгаа билээ.
6. 1999 оны 4-р сар. Анхны Мэрсисайдын дэрби тоглолтондоо эсрэг багийн хоёр гоолын боломжийг няцаав.
Анхны Мэрсисайдын дэрби тоглолтондоо тэрээр сүүлийн 20 минутанд сэлгээгээр орж ирэн тоглосон бөгөөд залуу хүү Эвэртоны Патрик Бэргэрийн хоёр ч удаагийн цохилтыг өөрийн хаалганы цагаан шугам дээрээс зайлуулж багаа 3:2 –р ялалт байгуулахад нь үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
5. 2001 оны 3-р сар. Манчэстэр Юнайтэдын эсрэг оруулсан гайхамшигт гоол.
Хоёр мянганы зааг дээр Жэррард өөрийн Прэмьер Лигийн замналаа хэд хэдэн гоёмсог гоолуудаар чимж байлаа. Ливэрпүүлийн мөнхийн өрсөлдөгч болсон Манчэстэр Юнайтэд багийн эсрэг тоглолтонд тэрээр 25 ярдаас гайхамшигтай нэгэн гоолыг оруулж байсныг санаж буй Копууд олон болов уу. Тухайн үед Манчэстэр Юнайтэдын хаалгыг манаж байсан Франц хаалгач Фабиэн Бартэзэд энэ гоолыг хаахад бурхан ч тус болж чадахгүй байсан буйзаа.
4. 2004 оны 12-р сар. Олимпиакосын эсрэг хийсэн сэтгэл хөдөлгөм гоол.
Ривалдо чөлөөт цохилтоос гоолдсны дараа 2004-05 оны Аваргуудын Лигийн тоглолтоо үргэлжлүүлэхийн тулд Улаанууд 3 гоол хийхээс аргагүй байдалд оров. Флорэнт Синама-Понголлэ болон Нэйл Мэллор нар гоол оруулсны дараа тоглолт дуусах дөхөөд байв. Ливэрпүүлчүүд цаг дуусахаас өмнө дахин нэг гоол оруулах ёстой. Энэ мөчид Стивэн Жэррардын 25 ярдаас бөмбөгийг газар унагалгүй шууд цохисон гайхамшигт цохилт Улаануудыг аваргуудын лигийн цуврал тоглолтуудаа үргэлжлүүлэх боломжийг олгож байсан юм.
3. 2012 оны 3-р сар. Эвэртоны эсрэг хэт-трик.
Ливэрпүүлийн домогт ахлагчийн хүчирхэг, гайхамшигт довтолгоонууд ээлж дараалан хаалганд орсоор хэт-трик хийж Мэрсисайдын Дэрбид Ливэрпүүл 3:0 –ээр ялалт байгуулсан тоглолтыг Копууд тодхон санаж байгаа бизээ. Дэвид Мойесын Мэрсисайдын дэрбид багаа удирдан орж буй 10 дахь жилийн ойн тоглолтонд Стивэн Жэррард ийнхүү хамгийн таагүй бэлгийг барьсан юм.
2. 2006 оны 5-р сар. ФА Цомын гайхамшигт ялалт.
Жэррард энэ тоглолтонд 2 гайхалтай гоол оруулж, бас нэгэн алсын дамжуулалт өгснийг нь Жибрил Сиссэ гоол болгосноор УэстХэмчүүдэд хожих боломжийг олгоогүйгээр барахгүй тэдэнд ойрхон харагдаж байсан цомыг нь булаан авч чадсан юм. Торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад Пэпэ Рэйнагийн сайн хаалтуудын ачаар “Жэррардын финал” хэмээн дурсагдах болсон энэ тоглолтонд Улаанууд ялалт байгуулж, аваргын цом өргөсөн юм.
1.2005 оны 5-р сар. Алдарт Стамбулын финал.
2005 оны Аваргуудын Лигийн финалын тоглолтын Эхний хагас цаг дуусахад Миланд 3:0 –р хожигдож явсан Ливэрпүүлчүүдийг Жэррард 2-р хагаст зөвхөн Улаануудын бус Европын, Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн агуу эргэн ирэлт хийж ялалт байгуулан Европын аварга хэмээх эрхэм цолыг хүртэхэд Жэррард багаа гайхалтай удирдаж тоглосон билээ. Тоглолтын сүүлийн хагаст Улаанууд 6-хан минутанд 3 гоол хийн нөхөж чадсны эхний гоол нь Жэррардын мөргөлт байсан бөгөөд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад Жэрзи Дудэкийн гайхалтай хаалтуудын ачаар Европын аварга хэмээх цолыг 5 дахь удаагаа хүртэж Аваргын мөнгөн цомыг Ливэрпүүл клуб үүрд хадгалан үлдэх эрхтэй болсон юм.
эх сурвалж: ливерпүүлфс.мн Нисдэг Чэстмир