Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.26/ мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хатуу хөл хорио тогтоосны үр дүн гарч байна уу. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Хатуу хөл хориог сулруулах тодорхой хэмжээний шалгуурууд байдаг. Энэ шалгуур үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд хангагдахгүй байсан учраас хөл хориог үргэлжлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг ард түмэндээ хэлэх нь зүйтэй. Тиймээс ажил албыг нь удаан хугацаагаар зогсоож байгаадаа хүлцэл өчье. Нэг хүн хэдэн хүнд халдвар тарааж байгаа талаар R утга гэж байдаг. Энэ утга 1.2 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 1.1 хувь болж буурсан байна. Энэ бол хөл хорионы үр дүн. Хэрвээ бид хөл хориог үр дүнтэй хэрэгжүүлж чадвал, дээрээс нь хөл хорионы стратегийг зөв хэрэгжүүлж чадвал үр дүн гарна. Хамгийн гол нь хүн хүнтэйгээ уулзах тэр магадлалыг бууруулж хөл хорио тогтоож бууруулж байгаа учраас иргэд маань энэ тал дээр анхаарч, албаныхан баримталж байгаа стратегиа сайжруулах ёстой.
-Витамин C, D дур мэдэн уух нь зөв үү?
-Хүний биед өөрийнхөө дархлааг дэмжих, нөхөж чадах хүчин зүйлүүд бий. Ядраад байвал сайн унтаж амрах, шингэн зүйл уух, шим тэжээлтэй хоол хүнсээ хэрэглэхэд хүний дархлаа сэргэдэг. Гаднаас эм бэлдмэл, витамин уугаад дархлаа дэмжинэ гэсэн ойлголт байхгүй. Харин зарим эрдэс бодис биед дутагдсан тохиолдолд дархлааны үйл ажиллагаа сулардаг олон судалгаа гарсан байдаг. Тухайлбал, Д амин дэм дутагдсан хүмүүст халдварт бус болон халдварт өвчинд өртөмтгий болдог. Тиймээс дутагдсан амин дэмээ нөхөхийн тулд Д амин дэмийг өдөрт 1000-2000 нэгжээр хэрэглэж болно. Ер нь эм бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэх нь илүү үр дүнтэй. Сайн гээд бүх эм бэлдмэлийг дураараа хэрэглэх нь зүйтэй биш. Эрдэмтдийн судалгаагаар Д амин дэм болон цайрын дутагдалтай хүмүүс коронавирусээр хүнд өвчлөөд байна, ор хоног уртасч байгаа нь тодорхой болсон учраас коронавирусээр өвчилсөн хүмүүст Д, болон С амин дэм, цайрын бэлдмэлийг эмчийн заавраар зөвлөж байгаа.
Мөн хүнсний эслэг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Эслэг нь арвайн гурил, өргөст хэмх, байцаанд агуулагддаг учраас хоол ундандаа хэрэглэж болно. Хүнсний эслэгийг өдөрт 30 грамм хэрэглэвэл хүний биед байдаг ашигтай бичил биетний үйл ажиллагаа идэвхжиж, дархлаа дэмжихэд эерэг нөлөө үзүүлдэг.
-Спутник вакцин хэзээ ирэх вэ?
“Спутник В” вакцинаас 900 мянгаас нэг сая тунг оруулж ирэхээр Засгийн газрын төвшинд гэрээ хэлэлцээр хийж байна. Нэмээд 300 мянган тунг хандивлах мэдээ байгаа. Гэхдээ яг хэзээ оруулж ирэх нь тодорхой биш, бид мэдэхгүй байна. Ирснийх нь дараа албан ёсоор мэдээлнэ.