АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгчийг 2012 оны нэгдүгээр сарын зургааны өдөр, Цонжинболдогийн ойролцоо зургаан удаа буудан хороож, цогцсыг нь цасанд булсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл уг хэргийг үйлдсэн Ч.Баттуул болон түүний найз н.Батчулуун, н.Отгонбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болжээ.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Ч.Батуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.12 гэсэн дөрвөн зүйл ангийг үндэслэн 23 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан бол н.Батчулуун, н.Отгонбаяр нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноосон байна. Гэхдээ н.Батчулууны ял эдлэх хугацааг тодорхой шалтгааны улмаас нэг жилээр хойшлуулсан аж.
Тус хэрэг хоёр жил орчмын хугацаанд шалгагдсаны эцэст өчигдөр шийдэгдсэн бөгөөд Ч.Баттуул нь өөрийн багш болох Жон Мартин Кийний амийг мөнгөний улмаас хөнөөсөн гэдэг.