ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.
Тэрбээр“Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас байнга анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн нэгдүгээр тунд хамрагдсан 6000 гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс вакцин хийлгэлээ гэж тайвшрах боломжгүй.
Хэдийгээр вакцин хийлгэсэн ч тухайн хүний цусанд эсрэг биет байгаа болохоос бидний гар дээр, амьсгалын замд эсрэг биет байхгүй. Өвчтэй хүнтэй гар барих, тэр орчинд хэсэг хугацаанд байж байгаад эрүүл хүнтэй харьцахад халдвар дамжих эрсдэлтэй. Тиймээс ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг сануулж байна.
Халдвараар өвчлөөд эдгэрсэн хүнд гэрчилгээ олгох асуудлаар УОК, ЭМЯ-д тодорхой саналууд тавьсан байгаа. Үүний дагуу гэрэгэ системд эдгэрсэн хүнд гэрчилгээ олгох ажил хийгдэж байгаа.Тухайн дүүргийн эмнэлгийн эмч, ажилтан уг системд эмчлэгдээд эдгэрсэн хүний мэдээллийг оруулснаар гэрчилгээ олгогдох юм. Ингэснээр хөдөө орон нутаг болон гадаадад зорчиход гэрчилгээгээ үзүүлээд явах боломжтой болно” гэлээ.