Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу “Майн-1” угтаж МҮЭ-ийн холбооноос НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН нэмэгдлийг эсэргүүцсэн цахим жагсаалыг өнөөдөр /2021.04.30/ зохион байгууллаа.
МҮЭ-ийн холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн 14 салбар, аймаг, нийслэлийн 22 үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж энэхүү цахим жагсаалд оролцлоо.
МҮЭ-ийн холбооноос 2019 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт тухай бүр шаардлага, мэдэгдэл хүргүүлж жагсаал цуглаан зохион байгуулан ажилласны үндсэн дээр 2020 онд нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг УИХ-аар гаргуулан, уг асуудлыг дахин судлан УИХ-аар шийдвэрлүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгуулаад байсан билээ.
Гэвч цар тахлын хүндрэлтэй энэ үед Засгийн газраас Нийгмийн зөвшилцлийн хэлэлцээрээс ухарч, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг МҮЭ-ийн холбооноос ийнхүү эсэргүүцэж, энэхүү шийдвэрээ яаралтай эргэн залруулахын төлөө шийдвэр гаргагчид, УИХ-ын гишүүдэд хандан шаардлага дахин хүргүүлэхээр болов.
Уг жагсаалд Олон улсын ҮЭ-ийн холбооноос эв санааны нэгдлээ илэрхийлж захидал ирүүлсэн ба энэ үеэр үг хэлсэн ҮЭ-ийн гишүүдийн үгийг хүргэж байна.
Н.Одгэрэл Завхан аймаг
-Нийгмийн даатгалын шимтгэлийг 32 жил төлчихөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тэтгэвэр тогтоолгох болчихоод байна. Төрийн үйлчилгээний цалингийн сүлжээг эргэж хараач ээ. Ялангуяа туслах ажилтан татвар, шимтгэлээ төлөөд 400 мянган төгрөг гар дээрээ авч байна.Төрийн түшээд та бүхэн Нийгмийн даатгалын тогтолцооныхоо энэ гажуудлыг хурдан арилгаач ээ. Хоёр хувийн нэмэгдэл үнэндээ дарамт болж байна.
Б.Баяраа МТЗ
-ҮЭ-ийн байгууллага үнэт зүйлстэй, өөрсдийнхөө төлөө үг дуугардаггүй. Бид тэвчээртэй байж ирлээ. Түшээд ээ, амьдрахын төлөө ажиллаж буй жирийн иргэдийн төлөө юу ч хийхгүй байна. Эгэл иргэн үгээ хэлэх эрхгүй байна. Та бүхний сандал ширээг бид булаацалдахгүй. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдлийг зогсоох, авснаа эргүүлж өгөхийг 16 мянган төмөр замчдын өмнөөс шаардаж байна.
Х.Наранцэцэг Баян-Өлгий аймаг Буянт сум
-Өнөөдөр татвар төлөгч нар маань ирээдүйд итгэх итгэлгүй, татгалзаж эхэллээ. Нийгмийн даатгалын шимтгэл авч буй цалин хөлстэйгөө дүйцүүлбэл хэт өндөр байна. Тогтолцоогоо шинэчилж, хуулиа эргэж харах цаг болсон байна шүү.
Б.Цэрэнпүрэв Авто зам
-Халуунд халж, хүйтэнд хөрч улс орны хөгжлийн төлөө ажиллаж буй авто замчдад маань үнэхээр үр өгөөжгүй хууль юм. Тухайлбал, 1 сая төгрөгөөс 36 мянган төгрөгийг татвар, шимтгэлд өгч байна. Жилээр тооцвол 5 сая гаруй төгрөг болно. Үр ашгийг нь хэзээ хүртэх юм. Иймд НД-ын шимтгэлийг хуучнаар нь болгох хүсэлтэй байна. Олон компани үүд хаалгаа баривал улс орны төсөвт ч хүндээр тусна. Ажилладаг хэдэн компаниа мөлжихөө зогсоогооч. Яагаад хүнээ бодохгүй байна вэ.
Х.Баатарсүх Дорнод аймаг
-Цахим жагсаалыг дэмжиж оролцож байна. Бид орон нутгаасаа сонгогдсон хоёр УИХ-ын гишүүддээ удаа дараа хандсаар ирсэн. Энэ талаар идэвх санаачилга гаргах, дэмжин ажиллахыг хүсье.
Б.Ганбат Хараагүйчүүдийн үйлдвэр
-Бидний амьдрал нэн дорой байна. Татвар, шимтгэлээ төлөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч доогуур цалин хөлс авч байна. Төр засгийнхан минь хөрсөн дээрээ бууж, ард иргэдийн амьдралыг харж үзээч ээ. Эрх мэдэлтнүүд минь 4 жилд зориулж бус алс хэтийн бодлоготой шийдвэр гаргаж баймаар байна.
С.Дэмчиг “Хөтөл” цемент шохой ХХК
-Бид дуугүй байсаар ирсэн. Улс төр үнэхээр заваан байна. Та нар хуулиа батлахгүй өдий хүрснийг, олон удаагийн увайгүй үйлдлүүдийг бид харж байна. Хямралын үед хөнгөлөлт эдлүүлэхдээ ААНБ-уудад ялгавартай хандаж байна. Нийгмийн даатгалын хуулиа эргэж харж, ул суурьтай хууль баталж, тэтгэврээ өвлүүлдэг болмоор байна. Бидний төлсөн татвар, шимтгэлийг нэг банкны дампууралд тохоод орхиж байна. Энэ бүхнээ таслан зогсоохыг шаардаж байна.
Д.Атарсайхан Иргэний нисэх
-Өвчин цар тахалтай хүнд үед иргэний нисэхийн салбарын ажилтнууд бид ажил үүргээ нэр төртэйгөөр хийж ирлээ. Бидний төлсөн татвар багадаагүй. Өдөр ирэх бүр амьдралын чанар муудаж байна. Хууль эрхзүйн орчныг сайжруулж, төлсөн шимтгэлийг гэр бүлдээ өвлүүлдэг болгохыг шаардаж байна. Тэтгэвэр тогтоохдоо дараалсан 5 жилийн дунджаар тооцдог байсныг 7 жил болгож нэмэгдүүлснийг эсэргүүцэж байна.
Н.Урандэлгэр Болд төмөр ерөө гол ХК
-Эрчим хүч, уул уурхайн салбарт ажиллагчдыг төлөөлж Нийгмийн даатгалын шимтгэлээ бууруулахыг шаардаж байна. Бид олон хоногоор гэр орноосоо хол ажилладаг. Ажил хийснийхээ төлөө шийтгэл хүлээж байгаа юм шиг цалингийнхаа дийлэнхийг татвар, шимтгэлд өгмөөргүй байна.Уурхайчдын хөлсөө урсгаж олсон талхных нь мөнгөнөөс битгий хумслаач ээ Төр засгийнхан минь. Таван төгрөгөөрөө чихэр бариад өрх бүлдээ очиж байхыг хүсч байна.
Ц.Ганболд Хөвсгөл аймаг
-Ковид хүндэрлээ, орлого буурлаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд үүд хаалгаа барьж байгаа энэ цаг үед Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж байгаа нь цагаа олоогүй шийдвэр. 7 дугаар сарын 1-нээс хойш амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Тэр үед байдал улам дордоно. Иймд энэ шийдвэрээ хүчингүй болгохыг шаардаж байна.
Зарим хүн тэтгэврээ тогтоолгоод нэг хоёрхон жилийн дараа “бурхан” болж байна. Иймд өвлүүлдэг болгоё. Тэтгэврийн 5 жилийн дунджийг 7 болгосон нь үнэхээр дордуулсан. ХНХЯ эдгээр асуудалд анхаарлаа хандуулж, шуурхай ажиллахыг хүсье гэлээ.