Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахлах ахлагч, Үндэсний шигшээ багийн тамирчин, хөнгөн атлетикийн марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Цэвээнравдангийн Бямбажавын спортын тавцанд гаргаж буй амжилтын талаар онцлон дурдья.
Ахлах ахлагч Ц.Бямбажав 1990 онд Увс аймгийн Өлгий суманд төрсөн. 1999-2009 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн Ерөнхий боловсролын “Шинэ-Ирээдүй” цогцолбор сургуулийг, 2010-2015 онд ҮБТДС-ийг Хөнгөн атлетикийн спортын дасгалжуулагч багш мэргэжлээр суралцаж төгсжээ. Биеийн тамир спортын газар, Үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин юм.
Тэрээр Зэвсэгт хүчний 337 дугаар ангид ахлах ахлагч цолтойгоор 2012 оноос одоог хүртэл харьяалагдан ажиллаж албан үүргээ гүйцэтгэхийн хажуугаар бэлтгэл сургуулилтаа хангаж Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийг тив, дэлхийд болон олон улсад цуурайтуулсаар байгаа шилдэг тамирчин билээ.
Ахлах ахлагч Ц.Бямбажав 2006 оноос Хөнгөн атлетикийн спортын 1500м, 3000м, 5000м, 10000м-ийн төрлөөр, 2009 оноос Хөнгөн атлетикийн спортын Марафон гүйлтийн /42км 195м/ төрлөөр хичээллэж эхэлсэн. Түүний хувьд Олимпийн наадамд 1 удаа, ДАШТ 2 удаа, Азийн наадамд 2 удаа болон бусад Олон улсын гадаад дотоодын тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож ирсэн юм.
Энэ хугацаанд нийт 45 удаа Бүтэн марафон /42км195м/, 25 удаа Хагас марафон /21км100м/ гүйлтийн тэмцээнд оролцоод байна. 2020.02.02-нд Япон улсын Беппу хотод зохиогдсон Олон улсын тэмцээнд 2 цаг 09 минут 03 секундийн амжилтаар 5 дугаар байранд шалгарч, хувийн амжилтаа ахиулж, зуны 32 дахь “Токио-2020” наадамд оролцох эрх авчээ. Ц.Бямбажав нь Олон улсын хэмжээний мастер цолтой. Ази тивийн аваргын хүрэл медальтай. Бэлтгэл сургуулилтаа шинжлэх ухааны үндэстэй, тасралтгүй амжилттай хийж, олон арван уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна.
Түүний оролцсон уралдаан тэмцээн, гаргасан амжилтаас дурьдвал 2006 оноос өнөө хүртэл 14 жилийн туршид марафон гүйлтийн улсын болон олон улсын, тив, дэлхийн тэмцээнүүдэд жил бүр тасралтгүй амжилттай оролцсон ирлээ. Тухайлбал, “ГУАНЖОУ-2010”, “INCHEON-2014” Азийн наадмуудад 10000м-ийн зайд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон. “GWANGJU-2015” Зуны 28 дахь Оюутны Универсиад их наадамд Хагас марафон гүйлтийн төрөлд эх орноо төлөөлөн амжилттай оролцож багийн дүнгээр 4 дүгээр байр, “MUNGYEONG-2015” Цэргийн Дэлхийн аварга шалгаруулах 6 дахь наадамд марафон гүйлтийн төрлөөр эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо.
Түүнчлэн “РИО-2016” зуны олимпийн 31 дүгээр наадам, “Лондон-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд марафон гүйлтийн төрлөөр амжилттай оролцсон. “GWANGJU-2015” Зуны 28 дахь Оюутны Универсиад их наадамд Хагас марафон гүйлтийн төрөлд багийн дүнгээр 4 дүгээр байр, “QINGDAO Олон улсын марафон-2017” эх орноо төлөөлөн оролцож 1 дүгээр байр, 2017 онд Азийн аваргаас хүрэл медаль, 2019 онд “KIX Senshu” Олон улсын марафонд 1 дүгээр байр тус тус эзэлжээ.
Эх орондоо зохиогдсон уралдаан тэмцээнд тэрээр олон амжилт гаргасан. “Улаанбаатар Олон улсын марафон гүйлт”-ийн тэмцээнд 2010-2019 онуудад тасралтгүй оролцож тус бүр алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Өсвөр үе, Насанд хүрэгчдийн УАШ тэмцээнд 2006-2020 онуудад тасралтгүй оролцож тус бүр тэргүүн байруудыг эзэлжээ.
Ахлах ахлагч Ц.Бямбажав “WUHAN-2019” Цэргийн дэлхийн аварга шалгаруулах 7 дахь наадамд марафон гүйлтийн төрлөөр оролцож 4 дүгээр байр эзэлсэн. Мөн “ДОХА-2019” Хөнгөн атлетикийн дэлхийн аваргад амжилттай оролцсон.
Тэрээр “ТОКИО-2020” зуны олимпийн 32 дугаар наадамд марафон гүйлтийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцох эрхээ аваад бэлтгэл сургуулилтаа базааж байна. Цэргийн хүний тэсвэр хатуужил, бие бялдрын өндөр бэлтгэлжилт, хурд хүчийг харуулж, эх орон, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн алдар хүндийг өндөрт өргөж яваа ахлах ахлагч Цэвээнравдангийн Бямбажавдаа спортын улам их амжилтыг хүсэн ерөөе!
Ахлах дэслэгч Д.Эрдэнэсувд