“Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн уламжлалт анагаах ухааны их эмч Д.Тэмүүжин уригдан оролцлоо.
–Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
–Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
–Ковид-19 халдвараар өвчилсөн хүмүүсийг уламжлалт анагаах ухааны эм тангаар эмчлэн эдгээж байгаа. Тухайлбал “Норов-7”, “Мана-4” “Лидер-7” тан. Тэгвэл ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тангуудыг өдөр тутамдаа ууж хэрэглэж болох уу?
–Өвлийн цагаар хэрэглэвэл илүү тохиромжтой, тамир тэнхээ тэтгэж, дархлаа сайжруулан, биеийн эсэргүүцлийг сайжруулахаас гадна нян вирусийн ханиад тусахаас урьдчилан сэргийлж чадна. Гэхдээ бусад эмтэй хавсарч хэрэглэх бол эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
–“Норов-7”,“Мана-4”,“Лидер-7” зэрэг тангуудыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийн тулд заавал эмчийн заавраар хэрэглэх ёстой юу?
–Тухайн хүн тан уух цагийг сайн мэдэж байх юм бол эмчийн заавраас шалтгаалахгүй өдөр тутамдаа хэрэглэж болно.
Жишээ нь хятад хүмүүс өөрсдийн өдөр тутмын хоол хүнс, идээ ундаандаа уламжлалт эмийн хэрэглээг нэвтрүүлсэн байдаг нь өндөр насалж байгаатай холбоотой. Монгол хүн бүр уламжлалт анагаах ухааны суурь мэдлэгтэй болчихвол өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа зовохгүй, өвчин тусахаасаа өмнө урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг юм. Өвлийн улиралд ханиад томуунаас урьдчилан сэргийлэн хэрэглэх нь маш чухал үр дүнтэй.
–Манай уншигчдад “Норов-7”, “Мана4”, “Лидер-7” тангуудын хэрэглэх заавар, ач тусын талаар мэдээлэл өгнө үү.?
–Лидер-7: Монгол анагаах ухаанд нян буюу вирусийн гаралтай өвчинд ихэвчлэн ууна гэж заасан байдаг. Шаргал өнгөтэй, өвөрмөц үнэртэй, гашуун эхүүн амттай, сэрүүн эмийн жор. Халуун өвчнийг боловсруулж дарахаас гадна хамрын ханиад зэргийг эмчилнэ.
Хэрэглэх заавар: Өглөө, өдөр, орой хоол унд шингэсний дараа 1-2 тунг буцалгаж хэрэглэнэ. Нян халдвартай өвчний үед хэрэглэвэл илүү тохиромжтой. Энгийн үед хэрэглэвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие арзайж бага зэрэг халуунтай үед ч хэрэглэж болно.
Мана-4: Цайвар шаргал өнгөтэй өвөрмөц үнэртэй, гашуун эхүүн амттай, ялгах тэгш жор. Хижиг халууныг боловсруулах, цайвар бадган, хоосон халуун, хатгалгаа зэргийг эмчилнэ. Мөн архаг хууч өвчтэй, бие, тамир султай хүмүүс борви тойг, ахар сүүл зэрэг шимт ясны шөлөнд чанаж, цайнд буцалгаж хэрэглэж болно. Агаарыг цэвэршүүлж сэтгэл санааг тогтуун болгож өгдөг, дархлаа дэмжиж, биеийн эсэргүүцэл сайжруулна, өвлийн улиралд ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ. Эмчилгээнд хэрэглэхдээ тал аяга усанд 1 тун хийж буцалгаж хэрэглэнэ. Бүх насны хүмүүс маань хэрэглэж болно. Толгой өвдөх, биеэр хатгуулж өвдөх, чих шуугих зэрэг хийн өвчинд илүү сайн үр дүнтэй.
Норов-7: Найрлагад нь мана-4, брайвзү-3 тан орсон байдаг. Цайвар шаргал өнгөтэй өвөрмөц үнэртэй, гашуун эхүүн амттай, ялгах боловсруулах үйлдэлтэй сэрүүн эмийн жор. Тархсан, хямарсан халуун, ханиад зэргийг эмчилнэ. Өглөө, бүрийн цагт идээ унд шингэсний дараа 1-2 тунг буцалгаж хэрэглэнэ. Мөн дархлаа сайжруулна, биеийг тэгшитгэнэ, цус цэвэршүүлдэг, цусны даралтыг тогтворжуулдаг. Даралт ихтэй хүн тангаа буцалгаад хүйтнээр уухад даралт буулгадаг. Өдөр тутмын хэрэглээнд хэрэглэхийн бол өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
–Ургамлын болон ямар нэг төрлийн харшилтай хүн тан хэрэглэж болох уу?
–Болно. Олон зуун жилийн өмнөөс эхлээд Монголын эмч нар монгол хүний бие физиологи, цаг агаарын нөхцөл байдалд тулгуурлан эмийг бэлтгэн боловсруулж ирсэн. Тиймээс ямар нэгэн хорвуу чанар, химийн найрлагагүй байдаг.
–Уламжлалтын эмчилгээг хүүхэд хийлгэж болох уу. Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн өвчнийг хэрхэн оношилдог вэ?
–Хүүхдэд химийн найрлагатай эм тариа эмчилгээг сонгохоос өмнө уламжлалт эмчилгээний аргуудыг сонгон хэрэглэх нь эргээд тухайн хүүхдэд сөрөг нөлөө багатай, эмчилгээний үр дүн сайтай байдаг. Хүүхэд болон насанд хүрсэн хүний үзлэг оношлогоо өөр байдаг.
Том хүний хувьд асуух, үзэх, хүрэлцэх шинжилгээний аргаар оношилдог бол хүүхдийн судсыг барьдаггүй харин тухайн эмчийн шинжилгээний өвөрмөц аргууд байдаг.
–Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих гээд олон төрлийн витамин өгдөг. Витамины хэрэглээ хэр чухал вэ?
–Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдэдээ витамин зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх болсон байна. Энэ нь эргээд тухайн хүүхдэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ нь эрдэс амин дэмийг хэтрүүлж авах нь зарим талаараа өвчин болж байгаа нь харамсалтай. Тиймээс хүүхдэд нэмэлтээр өгөхөөс илүүтэйгээр идээ ундаагаар нь дамжуулж өгвөл илүү ашигтай. Зуны улиралд цагаан идээгээ өргөнөөр хэрэглэж байх нь чухал. Мэдээж мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөгөөр хүүхдэд тохирсон амин дэмийг авах нь зүйтэй.
–Тэгвэл уламжлалын эмчилгээнд хүүхдийн дархлааг хэрхэн дэмжихийг зөвлөдөг вэ. Тухайлбал гэрийн нөхцөлд уламжлалт аргаар хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ?
–Хөл хорионы үед хүүхэд хөдөлгөөний дутагдалд орж, шим тэжээл багатай хоол хүнсний хэрэглээ ихэссэний тоогоор хүүхдийн биеийн эсэргүүцэл муудах байдал илүү ажиглагдаж байна.
Эртнээс уламжилж ирсэн хүүхдийн чийрэгжүүлэх эмчилгээнд нь бор цай, ясны шөл, шар сүү, айраг зэргээр ашиглаж ирсэн. Энэ нь өвлийн улиралд ханиад томуу тусахаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй сувилгаа болдог.
–Насанд хүрсэн хүмүүс улирал бүрдээ тохирсон идээ, будаа хэрэглэхийг уламжлалтын эмч нар зөвлөдөг. Тэгвэл хүүхдэд бас улирал бүрдээ тохирсон хоол хүнс хэрэглэх ёстой юу?
–Хүүхдэд багаас нь хоол ундны зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, насанд хүрсэн хүнтэй адилхан улирал бүрд тохирсон хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Зөв дадал хэвшлийг яс сайн баримтлах юм бол өвчин тусах аюулаас урьдчилан сэргийлж чадна.
–Танай эмнэлэг дархлаа дэмжиж ямар төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг вэ?
–Манай эмнэлэг нь уламжлалт эм тан, бариа засал, хүүхдийн дархлаа дэмжих чийрэгжүүлэх багц эмчилгээ, тантай уурын спа, хүчил төрөгчийн барокамера аппарат, төвдийн таван рашаан, элэг цөс угаах хөтөлбөр гэх мэт олон төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.
–Ковид-19 -ийн халдвараар бүх насны хүмүүс өвчилж, нас баралт нэмэгдэж байгаа энэ үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ. Ер нь хаврын цагт биеэ хэрхэн энхрийлж, эрүүл мэнддээ анхаарах талаар уламжлалт анагаах ухаанд юу гэж заасан байдаг юм бол?
–Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ковид-19 үеийн зөвлөмж нь дасгал хөдөлгөөн сайн хийх, зөв амралт, зөв хоол унд, цэвэр агаар зэргийг зөвлөж байгаа. Уламжлалт анагаах ухаант таны асуусан “Норов-7”, “Мана-4” “Лидер-7” танг заавал эмчийн заавраар биш өдөр тутамдаа урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжих зорилгоор хэрэглэх хэрэгтэй гэж заасан байдаг.
–Биеийн дархлаагаа муудсаныг хэрхэн мэдэх вэ?
–Ажил хөдөлмөрийн бүтээмж буурах, амархан ядарч сульдах, хоолонд дургүй болох, хангалттай хэмжээний нойр авсан бие тавгүйрч ядарч байвал таны дархлаа муудсаныг илтгэнэ.
–Ер нь ямар төрлийн хоол хүнс хэрэглэвэл дархлааг сайн дэмжих вэ?
–Өдрийн гурван хоолоо яг цагт нь идэх хэрэгтэй. Элдэв төрлийн амтлагч хольсон хоол хүнс, удаан шингэдэг хүнд хоол, хоносон хоол зэрэг нь дархлааг муутгаж байдаг.
–Та бид хоёр дархлаагаа хэрхэн сэргээх, дархлаа муудсанаа яаж мэдэх талаар ярилцлаа. Одоо харин дархлаагаа муутгахгүй байх буюу урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгнө үү?
–Амьдралын зөв хэвшилтэй байх хэрэгтэй. Янз бүрийн буруу хэвшил, идээ ундааг тохируулан хэрэглэхгүй байх нь өөрөө дархлааг хамгийн ихээр муутгаж, өвчинд амархан өртөмтгий болгодог.
Монгол хүн зуны цагт сүү цагаан идээ, өвлийн цагт өдөрт хоёроос доошгүй удаа махан хоол хэрэглэх хэрэгтэй. Хамгийн чухал нь өдөртөө авах уургийнхаа хэмжээг сайн авах нь маш чухал. Үрлэн С витаминыг 3-4 ширхгээр нь буюу нормоор нь хэрэглэх нь зохистой. Хамгийн чухал нь өдрийн гурван хоолоо цаг алдалгүй хэрэглэх нь зөв. Үүнд, сармис, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, самар, ургамлын үр, амуу тариаг өргөн хэрэглэх нь зохистой.
–Ядарч, сульдах мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдэг илрэхэд хүмүүс ядаргаанд орлоо гэж өөрийгөө оношлоод, дархлаа дэмжих бүтээгдэхүүн авч хэрэглэх нь олонтаа. Эмчийн жоргүйгээр эмийн сангуудын олгож буй дархлаа дэмжих эм, бэлдмэл, витаминуудад бид яаж хандвал зохилтой вэ?
–Эхлээд мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй, таны хэрэглэх гэж байгаа амин дэм витамин зэрэг нь үнэхээр таны биед таарах уу эсвэл эсрэгээрээ сөргөөр нөлөөлөх үү? Хэрэглэх шаардлага байна уу? зэргийг тодруулах нь зүйтэй юм. Тэрний дараа өөрт тохирсон эм бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй.
–Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Таны эрүүлийг хамгаалах үйлсэд амжилт хүсье.
Г.Нараа