Японы кино өдрүүдээр “Өргөө 2”-т үнэгүй кино үзээрэй

7 дахь удаагийн “Япон киноны өдрүүд”-ийг 2013 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Японы Элчин сайдын яам, Өргөө кино театр болон Япон сан хамтран зохион байгуулна. Японы аж амьдрал, хэв маягийг тусгасан нийгмийн, анимэ, инээдмийн, хайр дурлал, спортын төрлийн киног “Өргөө 2” кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Кинонууд:

2013.11.18-ны өдөр Нээлтийн арга хэмжээ(16:50-17:00) “Бурханы өвчтөний тэмдэглэл” (In his chart)

2013.11.19-ний өдөр “Олон өнгө” (Colorful)

2013.11.20-ны өдөр “Ширээний теннис халуун рашаан” (ping pong bath station)

2013.11.21-ний өдөр “HANAMIZUKI Та хоёрын хайр зуун жил цэцэглээсэй”

2013.11.22-ны өдөр “Салхи хүчтэй салхилж байна” (Feel the Wind)

Тайтгарал (Cure-1997, 115 мин)
Нэгэн биеэ үнэлэгчийн амийг хэрцгийгээр хороосон хэрэг гарсан дуудлагаар цагдаагийн мөрдөгч Такабе хэргийн газар ирж бусад хэргүүдтэй төстэй болох шинж тэмгүүдийг анзаарна. Хэрэг бүрт өөр өөр алуурчин холбогдон баривчлагддаг ч хохирогч бүрийн бие дээр “Х” тэмдэгийг үлдээдэг байж. Хэргийг мөрдөх явцад, Такабе болон түүний сэтгэлзүйч анд Сакүма нар анагаахын сургуульд сурч байсан Мамия хэмээх нэгэн залууг олж тогтоон, түүний нөлөө хэрэг бүрт байгааг илрүүлнэ. Учир бүтүүлэг энэ хэрэг хэрхэн шийдэгдэх, мөн оюутан байхад нь Мамиятай юу тохиолдсон тухай уг кононоос олж мэдэх болно.

Токио цамхаг: Ээж, би, заримдаа аав (Tokyo tower-Mom & me, and sometimes dad – 2007, 142 мин)

Лили Фрэнки нэрээр алдаршсан Масая Накагавагийн нэрт зохиолын дагуу бүтээсэн энэхүү кинонд Масая хэмээх залуугийн амьдралын тухай өгүүлнэ. Бага насанд нь эцэг, эх нь салан тусгаарлаж, Масая зугаа цэнгэлээр дүүрэн хөнгөн амьдралыг сонгоно. Харин нэгэн өдөр түүнд ухаарал ирж, Мизүэ хэмээх найз бүсгүйтэй болж, улмаар өөрийн өвчтэй ээжийгээ Токиод авчран насан эцэслэх хүртэл нь халамжилна. Масаягийн бага насны дурсамж, баяр хөөр, зовлон шаналалаар дүүрэн амьдралынх нь сэтгэл хөдлөм мөчүүдийг энэ киноноос олж үзэх болно.

Нар тусах мод буюу хайрын дөл (Embers-2004, 121 мин)-Насанд хүрэгчдэд
Баримтат кино бүтээдэг компаний тэргүүн Го нэгэн киноны гол баатар болох сэлмийн дарханыд очихоор 25 жилийн дараа Канагава мужийг зорино. Гэвч нас нь өндөр болсон дархан өрөнд баригдаж, бие нь муудан хэвтэрт оржээ. Дарханы охин болох Чигиритэй уулзахад бага насны дурсамжууд сэтгэлд нь сэргэж, түүнтэй ойртохын тулд Го гэр бүлийнх нь өрийг төлөх шийдвэр гаргаж, улмаар Го, Чигири хоёр дотно харилцаатай болно. Харин Го хорт хавдраар өвчилсөн тул хос хоёр үлдсэн цаг хугацааг бие сэтгэлээрээ хамт өнгөрүүлэхийг хичээж, хамтдаа хөгшин царс модны доор насан эцэслэхээ тангараглана.

Күү-тэй өнгөрүүлсэн зуны өдрүүд (Summer days with Coo – 2007, 138 мин) – Анимэ
Күү бол “каппа” буюу тавган хэлбэртэй эрүү бүхий бяцхан хоёр нутагтан амьтан бөгөөд Эдогийн ойролцоох нэгэн намагт амьдардаг. Газар хөдлөлтийн үеэр аавыг нь хөнөөсөн нэгэн самурайаас зугатан явсан Күү ангалд унан амьдаараа булшлагдана. Олон зуун жилийн хойно, Үэхара Коичи хэмээх хүү Күүгийн хатсан биеийг олж гэртээ авчран амь оруулна. Удалгүй тэрээр ер бусын эрч хүчээ эргүүлэн авч, каппагийн тухай олон домогтой Тоно хотод Коичигийн хамтаар ирнэ. Хэдийгээр Күүг хүний нүднээс далдлахыг хүссэн ч, хүмүүс түүний тухай олж мэдэх ба олны хүсэлт шахалтаар нэгэн ярилцлагт шоуд орох болно. Шоуны үеэр болон дараа нь юү болох тухай энэ сонирхолтой анимэгээс олж үзээрэй.

Миёригийн ой (Miyori in the sacred forest-2007, 116 мин)-Анимэ
Миёри аав ээжинхээ хамт хөдөө амьдрах эмээ, өвөөгийндөө очино. Гэвч аав ээж нь хоорондоо хэрэлдэн, ажилдаа хэт их анхаарч, Миёри алга болсоныг ч үл мэднэ. Миёри нэгэн интоорын модон доор бяцхан бамбаруушаар тоглож байтал модон дахь эм сүнс, энэ ой Миёригийнх болохыг хэлнэ. 10 жилийн дараа Миёригийн аав, ээж нь салж, хэдийгээр Токиод үлдэх хүсэлтэй байсан ч аав нь түүнийг өвөө, эмээтэйгээ амьдрахаар авчирна. Хөдөө амьдрахаар ирснээс хойш Миёритай ер бусын адал явдлууд тохиолдох ба шидэт ойн асран хамгаалагч болж, тосгоноо усанд автах аюулаас аварна.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …