“Токио 2020” олимпын наадмын хөтөлбөрт багтсан, олимпын спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол МҮОХ-ны байранд боллоо. Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын Олимпын Хорооноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ.
МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоотой хамтран судалж үзсэний үндсэн дээр энэхүү шалгаруулалтад нийт 8 спортын 17 тамирчин тэнцэж, олимпын тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон. Үүнд жүдо бөхийн төрлөөр Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү, Л.Сосорбарам, буудлага спортын төрөлд О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь боксын төрөлд Б.Чинзориг, М.Намуун, чөлөөт бөхийн төрлөөс Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Тэквондогоос П.Тэмүүжин, хөнгөн атлетик Д.Гантулга, байт харваа Ж.Гантөгс, хүндийг өргөлт М.Анхцэцэг нар дасгалжуулагчийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй.
Дээрх тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл Олимпын наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.
Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь тухайн Спорт холбоо- МҮОХ- ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд гэрээний дагуу 1 сард 415 ам.доллар буюу тухайн тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байна.
Хөтөлбөр нь 2017 оны 9 сард эхэлсэн бөгөөд “Токио 2020” олимпын наадам хойшилсонтой холбоотойгоор гэрээ 1 жилээр сунгагдаж 2021 оны 5 дугаар сар хүртэл үргэлжилж байгаа юм. Өмнөх “Рио-2016” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт мөн бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн спортын 7 төрлийн 17 тамирчин хамрагдаж байжээ.