Л.Гантөмөр сайд “Гэрэл тусгая” хөдөлгөөн өрнүүлэхээр 100 компанид захидал илгээжээ

- БШУ-ны сайд Л.Гантөмөр Монголынхоо нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч 100 компанид захидал илгээлээ. Түүний захидал ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн “Монгол хүний саруул ухаанд итгэнэ” уриаг сануулан, “Гэрэл тусгая” хөдөлгөөн өрнүүлэхэд зорилготой юм байна.

Танин мэдэх сонирхол, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэн гэрэл тусгахад том аж ахуйн нэгжүүдийг боломж бололцоогоо ашиглан, идэвх чармайлт гаргахыг БШУ-ны сайд уриалжээ.

Компаниуд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ өөрсдийн ажиллагсад, тэдгээрийн үр хүүхэд, нийт хүн амд танин мэдэхүйн ач тустай мянга, мянган санал санаачилга гарган хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж буйгаа Л.Гантөмөр сайд өгүүлсэн байна.

“Боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хурууны хээ нь огт давтагддаггүй хүүхэд нэг бүр, хүн болгоныг агуу их ертөнц хэмээн хүлээн зөвшөөрч, тус тусынх нь авъяас чадварыг нээн, насан туршдаа байнга хөгжих дадал, чадавхтай болгохыг зорьж байна.
Боловсрол үгүй салбар гэж үгүй учир төр, багш нар, хувийн хэвшил, эцэг эх, эрдэм гэгээрлийн төлөөх хэн бүхэн хүч бололцоогоо нэгтгэн нийгэмдээ хүчтэй гэрэл тусгана” гэж захидалд өгүүлжээ.

Монголчууд ном эрдмийг эрхэмлэн дээдэлдэг, эцэг эх нь өөрсдөөсөө илүү үр хүүхдийнхээ боловсролын төлөө байдаг бүхнээ харамгүй зориулдаг өв уламжлал, давуу тал, амжилт ололтоо бататган ахиулах боломж, ялангуяа тооны биш чанарын амжилт гаргах хүсэл нийгэмд түгээмэл байгаа нь энэхүү санаачилга хэрэгжих хөрс суурь нь юм.

Мэдлэг, шинжлэх ухаан, өөртөө итгэхээс илүү ид шид, элдэв мухар сүсэгт автагдах явдал түгээмэл болж, тэр бүхэн нь хүн амын эрүүл мэндийн болон мөнгөн хохирол, алдагдсан боломжийн өртөг нэмсэн үр дагавар учуулдаг.
“2012.12.21-нд дэлхий сөнөнө” гэсэн цуурхалд Оросын хүн амын дөрвөн хувь нь итгэн, айдаст автагдаж байсан бол Монголд зарим судлаачийн ажигласнаар ийм эргэлзээ 30 хувьд хүрч байжээ.

Нийслэлийн гудамж эл хуль болж, зуслангийн газарт дэлхий сөнөхгүй байх гэсэн гэнэн санал бодол өнгөрсөн онд нийтийг хамарсан . Хүн бие махбодоосоо металл, түүн дотроо хөөмөл хийцтэй бурхан гарган бөөлжсөн гэдэгт нийгмийг гэгээрүүлэх үүрэгтэй сурвалжлагч өөрөө мухраар итгэн, түгээж, дуулиан дэгдээж байв.

Гарлага гарна гэсэн айлдварт нь итгээгүй хүний машиныг шатаасан залилангийн хэрэгтээ ял шийтгэл хүлээсэн гэх зэргээр эрүүл мэнд, эд материалын хохирол учруулсан маш олон хэрэг явдал гарсаар байгаа.

Юмс үзэгдлийн учир шалтгааныг танин мэдэх сонирхлыг тэлж, аль болох олуулаа гэрэл тусгаснаар мухардмал сэтгэл зүйг багасгана гэж үзэж байгаа БШУЯ оновчтой санал, санаачилга гарган зохион байгуулсан компанийг үнэлэн хөхиүлэхээр болсон байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …