Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйтэй уулзав.
Уулзалтын эхэнд коронавирусын халдвартай тэмцэхэд хөрш орны тусламж дэмжлэг багагүй байж, шаардлагатай вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажилласанд Шадар сайд талархал илэрхийлэв. Эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Элчин сайд Чан Вэнруйг дэмжлэг үзүүлснээр Гашуунсухайт, Нарийнсухайт боомтуудын нүүрсний экспорт нэмэгдсэн талаар тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Талууд энэ удаагийн уулзалтаар Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Мөн хил орчмын чөлөөт бүсийг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа эдийн засгийг сэргээх Засгийн газар хоорондын хамтарсан чөлөөт худалдааны бүсийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллах саналтай байгааг Элчин сайд Чай Вэньруй дурдлаа.
Дэлхийн нийтэд тархсан коронавирусын халдвараас шалтгаалан ачаа тээвэрт хийж буй ариутгал халдваргүйжүүлэлтээс хамаараад тээврийн эргэлт удаашралтай байгааг дурдаад Замын–Үүдийн боомтоор нэвтэрч буй ачаа эргэлтийг түргэсгэх асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж ажиллахаа мэдэгдлээ.