Авто замын заадас засварын ажилтай холбоотойгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн иргэд авто замын засвар шаардлага хангахгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Нийслэлийн Засаг даргын 2021 оны 141, 273 дугаар захирамжаар Улаанбаатар хотын гол болон туслах 32 гудамж, замд нийт 300 мянган метр урт заадас засварын ажил хийхээр төлөвлөсөн. Хөл хорионы хугацаанд Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг газруудын нийт 30 гудамж, замд 282 мянган метр урт заадас засварын ажлыг хийж, гүйцэтгэлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэлд өртөөд байгаа заадас засвар нь тодорхой цаг хугацаанд буюу хөлдөлт, гэсэлтийн зааг дээр хийгддэг ажил юм. Тиймээс бид хөл хорионы үед энэ хугацаатай ажлыг хийж гүйцэтгэсэн. Замын битум дугуй, гуталд наалдах зэрэг асуудлууд бий. Автомашины хөдөлгөөний ачаалал ихтэй буюу хотын төв хэсэгт дээрх асуудал үүсэж байна. Хотын захын автомашины хөдөлгөөн багатай хэсэгт энэ асуудал харьцангуй бага байна. Үүнийг засаж, янзлах ажил дуусаагүй, үргэлжилж байна. Энэ бол авто замын эвдрэл, гэмтлийг засаж, сайжруулах, урсгал засварын шат дараатай хийх ажлуудын эхлэл юм.
-Тэгэхээр заадас засварын ажил дуусаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ, дуусаагүй. Урсгал засварыг үргэлжлүүлэн хийнэ. Дээрх ажлуудыг Улсын комисс хүлээж аваагүй. Замын битум машины дугуй, гуталд наалдаж байгааг засаж, сайжруулах, бэхжүүлэгч бодис цацах гэх мэт засварын ажлыг бүрэн дуусгаж байж хүлээн авна. Одоо хийж байгаа заадас засварын ажлыг сайжруулж, нөхөөс буюу нүхэн эвдрэлүүдийг засах, тэмдэг, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
-Өмнө нь засварын ажил хийхэд замын битум машины дугуй, гуталд наалдах ийм асуудал үүсдэггүй байсан гээд байгаа шүү дээ. Энэ нь юутай холбоотой вэ?
-Огт ийм асуудал үүсдэггүй байсан гэж хэлж болохгүй. 2017 оныг хүртэл бид засварын ажлаа битумаар хийдэг байсан. Энэ үед замын битум гутал, дугуйнд наалддаг байлаа. Харин 2017 оноос хойш мастикаар хийдэг болсноор энэ асуудал үүсэхээ больсон. Гэвч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор мастикийн нийлүүлэлт багасаж, бид эргээд битумаар хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор дээрх асуудал бий болсон. Гэхдээ битумаар хийсний давуу тал гэж бий. Тухайн жилдээ тавигддаг хөрөнгөөр мастикаар 10 орчим гудамж, зам, талбайг засдаг бол битум ашигласнаар 30 гаруй гудамж, зам засах боломж бүрдсэн. Ингэснээр замаа илүү их эвдэрч, авто замын суурьд ус, чийг орох, ирээдүйд нүхэн эвдрэл гарахаас сэргийлж байгаа юм.