Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаатай холбоотойгоор СЕХ-ны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө.
СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Иргэдийн мэдэх эрхийн тэгш хүртээмжийг хангаж, сонгуулийн сурталчилгаа хадмал болон заавал дохионы хэлмэрчтэй байна гэж хуульд заасан. Саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг эхнээсээ орон нутагт хүлээлгэж өгсөн. Сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах талаар мэргэжлийн байгууллагууд заавар, зөвлөмжөө гаргаж байна.
Ингэхдээ аль болох гадна, задгай талбай дээр уулзалт зохион байгуулах, оролцсон хүмүүсийн хүн хоорондын зай баримтлах, бүртгэл хөтлөх, халуун хэмжих, хүүхэд дагуулж ирэхгүй, маск зүүж, бээлий өмссөн байх ёстой зэрэг халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөнө.
Энэ бүхэнд сонгууль эрхэлсэн байгууллагаас хяналт тавина. Хэрэв битүү орчинд уулзалт хийх бол агааржуулалтыг маш сайн хангаж өгсөн байх шаардлагатай.
Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа зургадугаар сарын 8-нд 09:00-20:00 цагийн хооронд явагдана. Цар тахлын улмаас тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна. Гэхдээ арай өөр зохицуулалтаар буюу халдвар хамгааллын өндөр дэглэмийг баримтална”гэлээ.