Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өчигдөр (2021.05.25) хуралдав.
Шадар сайд С.Амарсайхан: Нийт иргэдийн 72 хувь нь вакцинд хамрагдсан үзүүлэлтээр олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны зургадугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 223 улсыг хамарч, нийт 167.5 сая хүн халдвар авч, 3.4 сая хүн нас барж, 148.5 сая хүн эдгэрсэн болохыг тэрбээр дуулгав.
Монгол Улсад уг халдвараар 53.734 хүн өвчилсөн, үүний 46.748 эдгэрч, одоогоор 4243 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй байгаа гэв. Нийслэлд 3761, орон нутагт 482 иргэн тус тус эмчлүүлж байгаа юм байна.
Дээрх иргэдийн 2209-ийнх нь биеийн байдал хөнгөн, 1403 нь хүндэвтэр, 509 нь хүнд, 122 иргэн нэн хүнд байгаа гэлээ.
Үргэлжлүүлэн Шадар сайд коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг танилцууллаа.
Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой 2.067.292 иргэний 1.812.265 иргэн 1-р тунд хамрагдсан нь 88.9 хувь байгаа бол 667.323 иргэн II тунд хамрагдсан байгаа гэдэг мэдээллийг өглөө. Вакцинжуулалт 40.2 хувьтай байгаа гэдэг мэдээллийг өгөөд орон нутаг дахь вакцинжуулалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод вакцинжуулалтын 58 цэг ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдах 953.058 иргэний 942.157 нь өнөөдөр вакцинд хамрагдсан байгаа бол орон нутаг дахь вакцинд хамрагдах 1.114.234 иргэний 895.716 нь эхний тунгаа хийлгээд байгаа гэлээ. Нийслэлд 614.728 иргэн, орон нутагт 215.483 иргэн вакцины II дахь тунгаа хийлгэсэн мэдээллийг танилцууллаа.
Вакцинжуулалтын энэхүү дүнг бусад улс орныхонтой харьцуулахад нийт иргэдийн 72 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан буюу нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгааг хэлсэн.
Аймаг орон нутаг дахь вакцинжуулалт өнөөдрийн байдлаар Архангай аймагт 52.658 иргэн, Баян-Өлгий аймагт 51.719 иргэн, Баянхонгор аймагт 47.690 иргэн, Булган аймагт 38.215 иргэн, Говь-Алтай аймагт 35.295 иргэн, Говьсүмбэр аймагт 11.608 иргэн, Дархан-Уул аймагт 75.477 иргэн, Дорноговь аймагт 52.916 иргэн, Дорнод аймагт 52.597 иргэн, Дундговь аймагт 22.898 иргэн, Завхан аймагт 42.904 иргэн, Орхон аймагт 73.129 иргэн, Өвөрхангай аймагт 58.817 иргэн, Өмнөговь аймагт 62.245 иргэн, Сүхбаатар аймагт 40.074 иргэн, Сэлэнгэ аймагт 71.502 иргэн, Төв аймагт 54.380 иргэн, Увс аймагт 36.694 иргэн, Ховд аймагт 43.844 иргэн, Хөвсгөл аймагт 67.554 иргэн, Хэнтий аймагт 47.205 иргэн тус тус вакцинд хамрагдсан байна.
Цаашид Улаанбаатар хотын иргэдийг 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл вакцины бүрэн тунд хамруулах ба зургадугаар сарын 15-ны өдрийн дотор орон нутгийн иргэдэд давтан тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөөд байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод вакцинжуулалтын 58 цэг ажиллаж байгаа гэлээ. Орон нутаг руу вакцины тээвэрлэлт, түгээлт, хангалт, нийлүүлэлт, хадгалалт нь холбогдох горим, журмын дагуу хийгдэж, бүрэн хангалт хийгдэж байгаа гэдэг мэдээллийг С.Амарсайхан сайд танилцууллаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар мөн танилцуулсан юм. Улсын хэмжээнд коронавирусын халдварын үед шаардлагатай 37 нэр төрлийн нийт 5.4 тэрбум төгрөгийн эмийн, 16 нэр төрлийн нийт 32.5 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй байгаа гэв.
Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат (үүнээс зөөврийн 137) ашиглагдаж байна. Үүнд: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд 501 (үүнээс зөөврийн 30), НЭМГ-ын харьяа байгууллагад 231 (үүнээс зөөврийн 77), орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад 252 (үүнээс зөөврийн 60) амьсгалын аппарат байна.
Улсын хэмжээнд ПГУ-ын тодорхойлох оношлуур болон бусад түргэвчилсэн оношлуурын нөөцийн талаарх мэдээлэлдээ Эрүүл мэндийн яамны нөөцөнд Gene Expert оношлуур 820, хамар залгиурын түргэвчилсэн оношлуур 95.000, шүлсний түргэвчилсэн оношлуур 85.250, ПГУ-ын ялгах оношлуур 119570, шүлсний ПГУ-ын оношлуур 3500 ширхэг нөөцтэй байгаа гэлээ.
Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн худалдан авалтад чанартай бүтээгдэхүүн худалдан авахад анхаарах үүргийн биелэлтийн хангахаар олон улсын чанарын стандарт хангасан, зохих гэрчилгээг авсан, үйлдвэрийн баталгаа, үйлдвэрлэгчийн албан ёсны сертификаттай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахаар тендер шалгаруулалтыг зохион байгуулж байна. Гэрээний дагуу нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжүүдийг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/28 тоот тушаалаар батлагдсан “Техникийн комисс”-ын дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Вакцин хийсний дараа дархлаа хэрхэн тогтож байгаа талаар судалгаа хийж танилцуулах үүргийг хэрэгжүүлэх чиглэлд Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдан 2021-2022 онд хэрэгжих Монгол Улсад нэн шаардлагатай Коронавируст халдвар /КОВИД-19/-тай холбоотой эмчилгээ, үйлчилгээнд шууд нэвтрүүлэх төслүүдийг хэлэлцэн Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх, ухаан, технологийн үндэсний зөвлөлд хүргүүлсэн гэв.
Үүнд, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцины дархлаа тогтоцыг судлах судалгаа, Эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийн ажилтнуудын дархлал тогтоцын судалгаа, Ахмад настан, суурь өвчтэй хүмүүсийн дархлаа тогтоц тодорхойлох судалгаа, Нийт иргэдийн дунд дархлаа тогтоцын байдлын судалгаа зэргийг тус тус хийж байгаа аж.
ДЭМБ-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн мэдээгээр B.1.1.7 (Их Британи) хувилбар нь ДЭМБ-ын 6 бүсийн улс орон/бүс нутгаас 137 улсад, B.1.351 (Өмнөд Африк) 85 улсад, B.1.1.28.1 (Бразил) 52 улсад тус тус бүртгэгдээд байна.
Үүнтэй холбоотой улс орнууд шинэ хувилбарын вирус бүртгэгдсэн талаар мэдээлсэн улс оронтой нислэгээ зогсоох, зорчигчдын эрүүл мэндийн нягт хянах болон нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
Манай орны хувьд гадны улс орноос ирсэн бүх иргэдийг 7 хоног тусгаарлалтад, долоо хоног гэрийн ажиглалтад буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлан (тусгаарлан ажиглах байх болон гэрт) хянах арга хэмжээг авч байгаагийн зэрэгцээ лабораторийн мэргэжилтнүүдийг сургах, бусад нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авч байна.
ХӨСҮТ-ийн Вирусологийн лабораторийн гурван вирусологич эмч, судлаач SARS-CoV-2 вирусийн мутацид орсон хувилбаруудын генийн дарааллыг тогтоох технологийг нэвтрүүлэх ажлаар Япон Улсад томилолтоор ажиллаж ирээд бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн SARS CoV-2 шинэ хувилбарын тархалтыг тодорхойлох судалгааны ажлыг эрчимжүүлэх тухай” ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, ажлын төлөвлөгөө батлагдан, судалгааны ажил эхэлсэн.
ДЭМБ, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр ХӨСҮТ-д вирусийн бүрэн генийн дараалал тогтоогч (NGS machine) төхөөрөмж бүхий иж бүрэн лаборатори байгуулах ажил эхэлсэн.
Үргэлжлүүлэн тэрбээр хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулж болох, олон улсын туршлагыг судлах үүргийн биелэлтийг танилцууллаа.
Дэлхийн улс орнуудад насанд хүрсэн хүн амаа дархлаажуулахад ашиглаж байгаа хэд хэдэн вакциныг хүүхдэд хэрхэн үйлчлэхийг тогтоох туршилтууд эхэлж, үр дүнгийн талаар урьдчилсан мэдээллүүд гарч байгаа аж.Зарим улс орон хүүхдийг вакцинжуулж эхэлсэн. Гэвч хүүхдийг вакцинжуулах эсэх асуудлаар улс орнууд нэгдсэн байр суурьт хүрээгүй байгааг онцоллоо. Монгол Улсад хүүхдийг вакцинд хамруулах эсэх талаар эрдэмтэн, судлаачдыг оролцуулан олон улсад хийгдэж байгаа судалгааг судалж байна гэлээ.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны зургадугаар хуралдаанаар цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд нийгмийн түншлэгч талуудыг татан оролцуулах үүргийг өгсөн.
Энэ хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь суурин зохицуулагчтай хамтран Монгол Улс дахь Ковидын нөхцөл байдлыг цаг алдалгүй хянах боломжийг бүрдүүлэх, иргэд болон бизнес эрхлэгчдэд үзүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөллийг хянах зорилгоор “КОВИД 19”-ийн үеийн Монгол Улсын нөхцөл байдал” гэсэн цахим хуудсыг ажиллуулж эхлээд байгаа гэлээ.
Энэхүү цахим хуудаст олон улсын болон дотоодын халдварын нөхцөл байдлын талаар, эрүүл мэнд, эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний талаар, халдварын нөхцөл нь улс орны нийгэм, эдийн засаг, айл өрхийн амьжиргаа, орлого, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшид хэрхэн нөлөөлж байгаа, цар тахлын нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсаас үзүүлсэн тусламж, дэмжлэг, зээлийн талаар гэх зэрэг мэдээллийг багтааж байгаа гэлээ.
Улсын онцгой комиссоос Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Нэгдсэн Үндэсний байгууллага болон донор орнуудын байгууллагын зөвлөл сар бүр хуралдах юм байна. Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын бизнесийн зөвлөл, Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл байнгын хамтран ажиллаж байгааг дуулгасан.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг сунгах асуудлыг судлан танилцуулах үүргийн хүрээнд ажиллаж, хуулийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах шаардлагатай хэмээн үзсэн байна.