Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын 2021 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 21-31-ний өдрүүдэд зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй эмэгтэй тус бүр 10 жинд аваргаа тодруулах бөгөөд нийт 17 орны 150 ширэн бээлийтэн Дубайд цугласан байна.
“Токио-2020” зуны олимпийн наадмын өмнөх гол сорилго тэмцээнд манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 5 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөнө. Тэднийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхбаяр, дасгалжуулагч А.Гантулга, Б.Пүрэв-Очир нарын удирдаж байна.
Боксын үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 09-20-ны өдрүүдэд Германы Сшверин хотод байрлах Олимпийн бэлтгэлийн төвд Герман, Швед, Куба, Казахстаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж дуусаад Дубайд очжээ.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй: -49 кг О.Өнөболд, -52 кг Х.Энмандах, -57 кг Х.Энхамар, -60 кг Э.Цэндбаатар, -64 кг Б.Чинзориг, -69 кг Б.Мишээлт, -75 кг О.Бямба-Эрдэнэ, -91 кг Э.Эрдэнэбаяр
Эмэгтэй: -51 кг Л.Алтанцэцэг, -54 кг Э.Мичидмаа, -57 кг О.Есүгэн, -60 кг М.Намуун, -75 кг М.Мягмаржаргал
Нийт 400 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээний аварга 10000, мөнгөн медаль 5000, хүрэл медаль 2500 ам.долларын шагнал хүртэнэ.
Урд шөнө Азийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалж, Шри Ланкагийн тамирчинг ялсан Орхонтунгалагын Өнөболд -49 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр тэмцээний чансааг тэргүүлэгч Кыргыстаны Мирлан Туркбай Уулуг 3:2-оор ялж, хагас шигшээд шалгарсан байна.
Мөн -56 кг-д Хархүүгийн Энх-Амар Афганистаны боксчинг 4:1-ээр, -64 кг-д Баатарсүхийн Чинзориг Казахстаны Закир Сафиуллинг 4:1-ээр ялж, шилдэг дөрөвт үлдсэн бол -91 кг-д Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр Кыргызстаны тамирчинд ялагджээ.
Харин эмэгтэйчүүдийн -51 кг-ын жинд Лутсайханы Алтанцэцэг Тажикстаны боксчинг илт давуу ялсан бол Оюунцэцэгийн Есүгэн Энэтхэгийн тамирчинд 1:4-өөр, Монхорын Намуун Казахстаны тамирчинд 2:3-аар ялагджээ.