Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2021.05.26/ зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, одон, медаль хүртээсэн билээ.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн одон, медаль гардуулах ёслол энэ сарын 29-нд буюу бямба гаригт үргэлжлэх аж.
Энэ өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн ахмад, жүдо бөхийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.
Ташрамд дурдахад Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг энэ оны 3-р сард Гүржийн нийслэл Тбилис хотод зохион байгуулагдсан Олон улсын жүдо бөхийн холбооны /IJP/ Дэлхийн цуврал тэмцээн “Тбилисийн Гранд Слам”, тэмцээнд амжилттай барилдаж алтан медаль хүртсэн. Мөн Узбекстан улсын нийслэл Ташкент хотод зохиогдсон “Ташкентын Гранд слам” тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ.
Түүнчлэн “Тбилисийн Гранд Слам” тэмцээний эмэгтэйчүүдийн -48кг жинд өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар алтан медаль хүртсэнээр МУГТ М.Уранцэцэг нэгэн өвөрмөц рекордыг тогтоосон билээ.
Тэрээр Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ их дуулга ангиллын тэмцээний 7 дахь алтан медалиа хүртсэнээр нийт 18 медальтай болж IJF-ээс дэлхийн цуврал тэмцээн зохион байгуулсан цагаас хойш Их Дуулга тэмцээнээс хамгийн олон медальд хүрсэн Словенийн алдарт жүдоч Тина Трстенякийн амжилтыг гүйцэж түрүүлсэн юм.
Их Дуулга тэмцээнээс 10 ба түүнээс дээш медаль, гурав ба түүнээс дээш алтан медаль хүртсэн өөр Монгол жүдоч одоогоор алга.
МУГТ М.Уранцэцэг амжилттай хамгийн дөхөж очих хүн бол Х.Цагаанбаатар. 2015 онд их спортоос зодог тайлсан Х.Цагаанбаатар нийт найман медальтай (хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл) хүртсэн.