НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Mongolian jiu jitsu холбоо, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль хамтран хүүхдийн Жюү жицүгийн клубийг Ид шидийн оронд байгууллаа.
Тус клуб нь өсвөр насны охид хөвгүүдийг бие хамгаалах урлагт сургахаас гадна тэдний өөртөө итгэх, багаар ажиллах, бусдыг хүндлэх зэрэг нийгэм сэтгэл зүйн чадварыг хөгжүүлэх зорилготой юм.
“Би жилийн өмнө найз нөхөд, ажлынхаа хамт олонд хүүхдийн бие хамгаалах урлагийн клуб байгуулах юм сан гэж ярьж байсан маань биеллээ оллоо. Хичээлээс гадуурх аливаа клуб, дугуйлангийн үйл ажиллагаа нь хүүхдэд нийгэм сэтгэл зүйн чадварыг эзэмшүүлж, хөгжлийг нь дэмжиж, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалахад сургадаг тул НҮБ-ын Хүүхдийн Сан энэ чиглэлээр дэмждэг үзүүлсээр ирсэн. Спорт, урлаг уран сайхнаар хичээллэж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх нь хүүхэд бүрийн үндсэн эрх юм. Тиймээс томчууд бид хүүхдийн энэ эрхийг хангах бүх нөхцөл боломжийг бүрдүүлэх нь өнөөгийн нийгэмд чухал болоод байна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс клубийн нээлт дээр хэлсэн үгэндээ онцлов.