Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газраас томоохон шийдвэрүүд гаргасан юм. Тодруулбал, Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглож, “Найрамдал” зуслан, Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 43 жилийн түүхтэй Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв зэрэг газруудад ажиллалаа.
Тус төвийн барилгууд ашиглалтад ороод 30 гаруй жил өнгөрсөн, ашиглалтын хугацаа дуусжээ. Гэхдээ засвар төдийхөн хийн, үйл ажиллагаа явуулсаар ирсэн байна.
“Дээвэр, суурь, спортын талбайнуудад засвар хийх шаардлагатай. Бүх төсвөө гаргасан, зургаа гаргахаар захиалагчийн ажил хийж байгаа” хэмээн тус төвийн удирдлагууд хэлж байлаа.
“Найрамдал” төв 43 жилийн түүхэнд 70 гаруй орны 600 мянга гаруй хүүхдийг хүлээж авчээ.
Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Улс орны ирээдүй бол хүүхэд. Үр хүүхдүүд маань ирээдүйн сайн иргэн болж төлөвших ёстой. Засгийн газрын хуралдаанаар багц арга хэмжээ авахаар болсон. “Бамбарууш” кафег сэргээхээр болж байна.
Мөн “Найрамдал” зусландаа иж бүрэн засвар хийхээр болсон. Зуслангийн ойролцоо газар олгохгүй. “Найрамдал-2” зусланг Хөвсгөлд аймагт барина. Энэ мэт олон шийдвэр гаргах ёстой. Жуковын талбайн ард газар олгосон байсан захирамжийг Хотын дарга хүчингүй болгосон. Засгийн газраас хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг дэмжиж ажиллана. Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд, залуучуудын театр дахин сүндэрлэхээр болсон. Цаашид хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө олон ажил хийх болно” хэмээсэн юм.
Үүний дараа Сонгинохайрхан дүүрэгт барьж буй Хүүхэд, залуучуудын соёлын театр ажиллалаа. Хүүхдийн театрын анхны найруулагч, жүжигчдийн төлөөлөл ирж, театраа эргэн сэргээж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэд мөн “Хүний хөгжил бол улс орны хөгжил. Тэр дундаа хүүхдийн хөгжил хамгийн чухал” хэмээсэн.
Түүнчлэн “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр үзэгчдэд мөнхөрсөн МУГЖ Ш.Дэлгэржаргал “Миний жүжигчин болох гараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаас эхэлсэн. Театрыг сэргээх шийдвэр гаргасан бүх хүнд маш их баярлалаа” гэлээ.
Мөн “Бамбарууш” кафег хуучин зориулалтаар үйлчилгээг нь сэргээхээр болсон. Тус кафе 1970-1990 онд ийм нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад, өмч хувьчлалаар хувьчлагдаж, нэршил, чиглэл нь өөрчлөгджээ. Тэгвэл өдгөө хуучин зориулалтаараа төдийгүй хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотоо дэмжиж ажиллана гэдэг бол хамгийн том хамтын ажиллагаа юм. Хүүхэд, залуусын хот болох, олон асуудлыг үе шаттай шийдэх хамгийн чухал суурь алхмуудыг энэ цаг мөчид эхлүүлж байгаагаараа онцлогтой. Улаанбаатар хотод “Бамбарууш” кафе болон хүүхэд, залуучуудын түүхтэй холбоотой олон сайхан газар байдаг. Уламжлалт, дурсгалт газруудаа нээж, нэршлийг нь сэргээж байгаа нь хүүхэд, багачуудын ирээдүйд олон сайхан дурсамж бүтээж байгаа хэрэг. Хүүхдийн баярыг улсын хэмжээнд, хотын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх сайхан цаг удахгүй ирнэ. Цаашид эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөө ажиллана. Монгол Улсын түүчээ, хойч үе болсон хүүхэд, багачуудын маань ирээдүй улам гэрэлтэй байхын ерөөлийг дэвшүүлье” хэмээн ярилаа.