Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 56 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга 2019 оны Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар, “Екатринбург-2019” дэлхийн аварга, “Жакарта-2018” Азийн наадам болон “Бангкок-2019” Азийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч 3:2-оор ялж, алтан медаль хүртжээ.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д “Ажнай” корпорацийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар “Токио-2020” олимпын эрх аваад буй Ираны Данияал Шахбахштайг 5:0-ээр илт давуу ялж, Азийн хошой аварга боллоо.
Түүнчлэн 64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг алтан медаль хүртсэнээр манай финалд шалгарсан гурван тамирчин бүгд алтан медалийн эзэд болов.
Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын иж бүрэн медальтай Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж 3:2-оор ялсан байна.
Ингэснээр Б.Чинзориг тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэрээр 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртэж байсан юм.