Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.08/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтад заавал хамрагдахыг хүсч байна.
Халдварын шинээр бүртгэгдэх тохиолдолд хүүхдийн өвчлөлийн хувь нэмэгдэж байна. Тиймээс олон нийтийн газраар хүүхдээ дагуулж зорчихгүй байхыг анхааруулж байна. Өдөрт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа учраас эцэг, эхчүүд хариуцлагатай байх шаардлагатай. Мөн 25-29 насны иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх сул байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9631 хүнд шинжилгээ хийхэд 1267 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 67710 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, 962 нь Улаанбаатарт, 305 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 632 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54713боллоо.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд таван иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 318 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 6423 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 3892 нь хөнгөн, 1892 нь хүндэвтэр, 506 нь хүнд, 133 нь маш хүнд байдалтай байна.