Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, хоёр охиныхоо хамт өнөөдөр өглөө 07:40 цагт Баянзүрх дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн санал авах байранд очиж саналаа өглөө.
Саналаа өгсний дараа МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх “Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил улс тунхагласны 100 жилийн ой, төрт ёс үүссэний 2230 жилийн ой, НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой гээд олон сайхан тэгш ой давхацсан жил болж байна. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль давхцаж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй, сайхан үйл явдал болж байна.
Өнөөдөр нар, хур тэгширсэн сайхан өдөр байна. Хоёр өдөр хур бороо орлоо. Өнөөдөр сайхан нар мандлаа. Монголын ард түмэн төрийн тэргүүнээ сонгохоор сэтгэл өндөр байна.
Надтай хамт нэр дэвшсэн хоёр эрхэмдээ сонгуульд нь өндөр амжилт хүсье. Д.Энхбат маань эмнэлэгт байгаа. Хурдан эдгээд эмнэлгээсээ гараарай. Хүний эрүүл мэнд гэдэг хамгийн чухал. Эрүүл энхийг хүсье.
Монголын ард түмэн үндэсний дээлээ өмсөөд гоёж ирж саналаа өгдөг. Монголын ард түмний сайхан үнэт зүйл. Ард түмэндээ амжилт хүсье. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой”гэлээ.