Цар тахлын халдвартай цаг үед нийгэм нийтээрээ амьдарч байгаа энэ цаг үед хүн олноор цуглахгүй байх, амны хаалт маскаа авахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа.
Харамсалтай нь нөхцөл байдал ийм байсаар байтал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг олноор нь дуудан ирүүлж, төрийн ордонд одон медалийг хавтгайруулан олгосон нь Ковидын халдвар нийтэд түгэх нөхцлийг бий болгожээ. Тэрбээр “Алдарт эхийн I, II одон”-г нийт 11000 ээжүүдэд олгосон бөгөөд үүнээс нийслэл хотод 4500, орон нутгаас ирж 6500 эх одонгоо гардан авсан байна. Мөн 5000 гаруй хүнд төрийн шагнал, одон медалийг гардуулсан байна.
Одон медаль хүртсэн нэг хүний ард түүнд баяр хүргэхээр 5 хүн ирсэн гэж тооцоход хамгийн багадаа 80 гаруй мянган хүн сүүлийн хэд хоногийн хугацаанд Сүхбаатарын талбай дээр цугласан гэсэн үг юм. Дээр нь төрийн одон медаль хүртсэн хүмүүс гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд баяраа тэмдэглэснээр мөн л нэг дор хүмүүс олноор цуглах үшалтгаан болсон байна.
Ковидын халдварын нууц үеийн хугацаа 3-5 хоногийн дараа илэрдэг гэж үзэх юм бол одоо гарч байгаа халдварын олонхи нь хүн олноор цугласан дээрх арга хэмжээний үр дүн гэж шууд үзэж болохоор байгаа юм.
Уг нь төрийн одон медалийг иргэдийг нэг дор олноор нь цуглуулахгүйгээр аймаг сум, дүүрэг хороогоор нь дамжуулан олгож болох байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ сүүлийн өдрүүдэд өөрийн биеэр одон медаль гардуулан өгөх болсон нь ийнхүү халдвар нийтэд тархах нөхцлийг бүрдүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын УОК-ын шийдвэрийг үл тоож одон медалийг хавтгайруулсан олгосон дээрх үйлдлийг улс үндэснээ “хорлосноос” өөрцгүй үйлдэл гэж үзэх болох юм.