“Болор цом“ яруу найргийн наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг яруу найрагчид, уншигчдын томоохон баяр юм. Анх 1983 онд уг наадам зохион байгуулагдсан цагаасаа хойш ард олны зүй ёсны талархлыг хүлээж, зөвхөн яруу найрагчид төдийгүй олон түмний хүсэн хүлээдэг томоохон наадам болж өргөжсөн билээ.
Энэхүү наадамд жил бүр 200 гаруй найрагчид оролцохоор шүлгээ ирүүлдэг ба эдгээрээс 30 найрагч шалгаран үлдэж “Болор цом”-ын тайзнаа шүлгээ уншиж, Монголын Зохиолчдын эвлэлийн “Цог” сэтгүүл, “Утга зохиол Урлаг” сонинд хэвлэж, олон түмэн, дэлхий дахины хүртээл болгодог.
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 38 дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд цагдаагийн байгууллагын алба хаагч, ахмад ажилтнуудаас төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой.
Энэ жилийн яруу найргийн наадмын зорилго нь цагдаагийн сэдэвт яруу найргийн бүтээлийн өв санг баяжуулах, Монголын цагдаагийн түүхэн замнал, үнэт зүйл, сүр хүч, бахархлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, цагдаагийн алба хаагчийн гавьяа зүтгэл, ажил үйлсийг олон нийтэд алдаршуулж, яруу найрагчдын бүтээл туурвилыг олон түмэнд сурталчлах, шинэ авьяастныг нээн илрүүлэхэд оршиж байгаа юм.
Хоёр үе шаттай зохион байгуулагддаг тус уралдааны нэгдүгээр шатанд 120 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 30 бүтээл хоёрдугаар шатанд шалгарлаа.
Цагдаагийн байгууллага 1991 онд цагдаагийн байгууллагын 70 жилийн ойгоор “Цагаан шонхор яруу найргийн наадам”, 2011 онд “Цагаан шонхор” утга зохиолын наадмыг цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж, ирүүлсэн уран бүтээлүүдээр “Цагаан шонхор” шүлгийн номыг Монголын зохиолчдын эвлэлийн нэрт зүтгэлтэн яруу найрагч, зохиолч А.Эрдэнэ-Очир эмхтгэн гаргаж, олны хүртээл болгосон байдаг.