“Аса” станц нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч Ц.Чинбаяр оролцож, халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч Ц.Чинбаяр: ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэх хүнд болон маш хүнд хүний тоо нэмэгдэж байгаа учраас нөхцөл байдал хүнд байна.
Сүүлийн үед халдвар авсан жирэмсэн эхчүүд маш их хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 17 маш хүнд өвчтөний тав нь төрсөн болон жирэмсэн эхчүүд байна.
Жирэмсэн болон хөхүүл ээжүүд маань вакцин хийлгээгүй учраас халдвар авахаараа маш хүнд хэлбэрээр өвчилж байна.
Халдвартай эхчүүдийн хувьд халдвар шууд урагт нөлөөлж байгаа тохиолдол байхгүй. Харин амьсгалын дутагдалд орж, хүндрэх магадлал их байна.
Эх ураг хоёрын амь насыг аврахын тулд долоо, найман сартай эмэгтэйчүүдэд кесар хагалгаа хийж хүүхдийг аварч байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1600 гаруй жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвар авсан байна. Үүний 600 гаруй нь Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрээр эмчлэгдэж байгаа жирэмсэн эмэгтэйчүүд ч байна.
Хүүхдийн өвчлөлийн хувьд вакцин хийгээгүйтэй холбоотойгоор өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад хүндрэл нь нэмэгдэж байгаа. Хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийн хүрээнээс халдвар авч байгаа.
Эрсдэл бүлгийн хүүхдүүд болох зүрхний гажигтай, хоол тэжээлийн дутагдалтай, дутуу төрсөн, хавдартай хүүхдүүд хүндээр өвчилж байна. Ковидын халдвар авсан л бол том хүн ч бай, хүүхэд ч бай адилхан хүндэрч байгаа учраас хүүхдүүдээ хамгаалж халдвар авуулахгүй байх тал дээр хамгийн сайн анхаарч, олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн хамгийн шилдэг найдвартай, батлагдсан арга бол вакцин. Тийм учраас урьдчилан сэргийлэхийн тулд элдэв витамин, эм тариа уухаас илүүтэйгээр нэгдүгээрт вакцины бүрэн тунд хамрагдах хэрэгтэй.
Хоёрдугаарт маск зөв зүүж, зайгаа барьж, олон нийтийн газар явахгүй байх хэрэгтэй. Энэ хоёр аргаас өөр урьдчилан сэргийлэл гэж байхгүй. Ямар ч витамин, эмийг хэрэглэх зохистой хэмжээ, уух тунтай байдаг. Дур мэдэж ууж, тун хэтрүүлбэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Жишээ нь, их тунгаар витамин С, Д хэтрүүлэн хэрэглэвэл бөөр шээсний замын чулуу үүсэх, ходоодны салст цочроох зэрэг гаж нөлөөнүүд үүснэ.