Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад олон ажил шинээр хийсний нэг бол Засгийн газрын 11-11 дугаарын утас. Энэ утсанд иргэд төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой санал хүсэлт, талархал гомдлоо илэрхийлж болох юм. Мэдээжийн хэрэг энэ нэг талаараа сайшаалтай хэрэг. Учир нь хүнд суртал гаргаж, иргэдийг чирэгдүүлсэн төрийн байгууллага албан тушаалтны талаарх мэдээлэл шууд 11-11 утсанд ирж, түүний дагуу тодорхой шалгалт ажил хийгдэж, төрийн аппарат байгууллагын шуурхай ажилллах боломжийг нэмэгдүүлсэн.
Гэхдээ сайны хажуугаар саар зүйлийг 11-11 утас дагуулж байна.
Социализмын үед мэдээлэгч гэж нууц ажилтан байсан гэдэг. Тэд хамт олон, байгууллагын дунд шургалж, нам төр засаг, дарга нарыг муулж буруутгаж байгаа хүмүүсийн талаар олж мэдэж дотоод яамныханд мэдэгдэж, арга хэмжээ авахуулдаг байсан гэдэг. Ингэхдээ хэн нэгэнд хонзогнох, өширхөх, атаархсан байдлаа илэрхийлэхдээ цаад хүнээ төрийг муулсан, сайд дарга нарыг доромжилсан, хувийн ашиг хонжоо харсан, нийгмийн социалист өмчид хайр наргүй хандсан гэх мэтээр худал мэдүүлж, тухайн иргэнийг ажил албан тушаалаас нь гудманд гаргаж, тэр бүү хэл шорон оронд ч оруулж, шийтгүүлж, амьдралыг нь сүүдэртүүлж байсан хэрэг цөөнгүй байжээ.
Тэгвэл өнөөгийн ардчилсан төр засгийн үед шинэ цагийн мэдээлэгч бий болжээ гэлтэй. Учир нь дургуйг нь хүргэсэн албан тушаалтны талаар худал мэдээлэл өгч, авлига авсан, төрийн мөнгө завшсан, тендер будлиантуулсан мэтээр гижирдэн гүтгэж, хяналт шалгалт оруулж, ажил амьдралыг нь доголдуулах “хар аян” 11-11 утсанд бий болжээ. Хэрвээ мэдээлэл өгсөн хүний талаарх мэдээллийг энэ утас бүртгэж аваад, худал байсан тохиолдолд тухайн мэдэлэлийг өгсөн хүнтэй эргэж холбогдон буруу худал мэдээллээс үүдсэн зардлыг эргэж тухайн хүнээр төлүүлэх гэх мэтийн хариуцлагыг бий болгохгүй бол, бусдад дургуйцсан, атаархсан, өш хонзонгоо авах гэсэн хүмүүс худал мэдээлэл өгсөөр байна.
Ийм жишээ цөөнгүйг дурьдаж болно. Нэгэн газрын даргыг нэг ажилтан нь томилолтын зардал дэмий үрсэн, төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэмээн 11-11 төвд мэдээлжээ. Эл мэдээллийн дагуу 11-11-ээс тухайн албан тушаалтны холбогдох дээд газар нь мэдээлж, дээд газраас нь шалгалтын комисс томилон тухайн газар ажилуулахад нөгөө гүтгэгдсэн албан тушаалтан нь төрийн мөнгийг үрэгдүүлж, завшсан бус, харин ч нэмэгдүүлэх эх үүсвэр олсон, түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн байжээ. Харин нөгөө мэдээлсэн ажилтан нь өөрөө хариуцлага алдан, шийтгэл хүлээсэндээ даргадаа өчирхөж даргынхаа тухай худал мэдээллийг 11-11 утсанд өгсөн нь батлагджээ.
Мөн нэгэн суманд шинээр очсон хэсгийн төлөөлөгч сумынх нь ахлах ангийн сурагч хөвгүүд бүлгээрээ нийлэн архидан согтуурч танхайрсан байдалд арга хэмжээ авахдаа тэднээр сургуулийнх нь модыг хөрүүдүүлж, нийгмийн туст хөдөлмөр хийлгэсэн байна. Үүнийг тухайн хөвгүүдийн эцэг эхчүүд 11-11 төвийн утсанд, сумын хэсгийн төлөөлөгч нь насанд хүрээгүй хүүхдүүдийг “боолчиллоо” хэмээн ууртай, сүр дуулиантайгаар мэдэгдээтгэж. Мэдээжийн хэрэг тэд архи ууж, танхайрсан сурагчдыг ийн “шийтгэж” байгаа тухай юу ч яриагүй нь тодорхой.
Уг нь сурагчдын ингэж шийтгэх нь нэг талаас тэднийг ичих, санаа зовох, улмаар дахиж архидан согтуурахгүй байдалд оруулдаг гэдгийг туршлагатай хэсгийн төлөөлөгч сайн мэдэж байлаа. Харамсалтай нь 11-11 утсанд ирсэн гомдлын дагуу аймгийн Цагдаагийн газрын дарга нь тухайн хэсгийн төлөөлөгчийг дуудан хатуу донгодож, цалингийн тодорхой хувиар хасаж шийтгэснээр энэ хэрэг дуусжээ. Нинжин сэтгэлтэй, хүүхдээ боддог “ухаант” эцэг эхчүүдийн ”буянаар” одоо тус сумын ахлах ангийн сурагчид үргэлжлүүлэн архидан согтуурах боломж ийн бүрджээ.
Хэн нэгэн албан тушаалтанд дургуйцснээ, тухайн албан тушаалтан хариуцлага алдсан, идсэн уусан, авлига авсан хэмээн гүжигдэн гүтгэж 11-11 утсанд мэдэгддэг хандлага ийнхүү улам бүр нэмэгдэх байдалтай боллоо. Иймээс худал, буруу мэдээлэл өгсөн хүнд эргэж хариуцлага тооцдог механизмыг нэн яаралтай хэрэгжүүлэх цаг нь болжээ.
Шинэчлэлийн төр засаг худал мэдээлэгчийн ховоор ажил явуулдаг механизм биш байлтай.
А.Галт