Булган аймаг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой баяр наадам тэмдэглэхгүй, наадмын төсвөө халдварт өвчний эсрэг зарцуулахаар боллоо .
Монгол улсын 21 аймгаас :
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж
Дархан-уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар наадмаа цуцалсан бол Булган аймаг өнөөдөр цар тахлын нөхцөл байдлаа судалж нөхцөл байдлын эрсдэлийг тооцсоны дүнд баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гаргалаа.
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Ковид-19 хэмээх цар тахал байхгүйсан бол Монголчууд энэ долдугаар сард өнгөрсөн зууны түүхэнд өөрсдийн бүтээсэн маш олон сайн, сайхан үйлсийн түүхт ойг тэмдэглэх байлаа. Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан тогтоолын дагуу Булган аймгийн Тамгын газрын зүгээс өнөө жилийн аймгийн баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа.
Бид баяр наадмын зардлаа цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах болно. Өөрсдийн эрүүл мэндийг умартан өдөр шөнөгүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг эртний сайхан үгээр ард иргэд та бүхэн минь өөрсдийн эрүүл мэндийг сайтар хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.”гэлээ.