Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.07.01/үдээс хойш боллоо. Хурлаар Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжив.
УОК-ын хуралдааны шийдвэрийг маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж долдугаар сарын 11-13-нд зохион байгуулах Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдсэн. Баяр наадам зохион байгуулах хороо долдугаар сарын 1-н хүртэлх эрсдэлийн үнэлгээг хийсэн. Энэ хүрээнд ковидын нөхцөл байдалтай уялдуулж, эрсдэлийн үнэлгээгээ танилцуулсан. Хуулиудад баяр наадмыг шилжүүлэх гэсэн заалт байхгүй. Хэрвээ шилжүүлэх бол тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай” гэлээ.