Хөдөлмөрийн Үндэсний намын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн судлаачид зөвлөмж боловсруулан Засгийн газар, УОК-т хүргүүллээ.
Тус зөвлөмжид “Иргэдийнхээ эрүүл мэндийн эрсдэлийг бууруулж, хамгаалахын зэрэгцээ эдийн эдийн засаг, бизнесүүдээ сэргээж, дээрх салбаруудад тулгарч буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний талаар санал зөвлөмжийг хүргүүлж байна” гэжээ.
Хөдөлмөрийн Үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Засгийн газарт үндсэн гурван чиглэлээр зөвлөмж хүргүүллээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, судалгааны байгууллагатай хамтран дээрх зөвлөмжийг боловсруулсан. Судалгаанд суурилсан шийдвэрийг ажил хэрэг болгодог байя. Үндсэндээ 1.5 жилийн хугацаанд цар тахалд ялагдчихлаа. Дэлхийн сайн жишиг болон судлаач мэргэжилтнүүдийн үгийг сонсч байж Засгийн газар ажилладаг байя. Энэ үүднээс зөвлөмжийг Ерөнхий сайдад өгч байна. Хэрвээ зөвлөмжид тусгагдсан арга хэмжээ авахгүй бол бид хариуцлага тооцох асуудлыг намрын чуулган дээр ярихыг албан ёсоор мэдэгдэж байна. Эдийн засагч хүний хувьд хүндрэлтэй нөхцөлд бусад салбарт үр ашиггүй хийгдсэн хөрөнгө оруулалт, хөшөө дурсгал гэх мэт арга хэмжээнээс татгалзъя. Барилгын салбарын түүхий эд, арматурын үнэ хоёр дахин өсчихлөө. Хилийн боомтод гацаа үүслээ.
Хавтгайрсан халамжаас болоод ажил хийдэг хүнгүй боллоо. Барилгын салбарт ажиллах хүчний дутагдал өндөр байна. Иймээс үр ашиггүй хөрөнгө оруулалтаа хэмнээд, эх үүсвэрээ эрүүл мэндийн салбарт зарцуулъя. Шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна”гэлээ.