Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монголын урчуудын эвлэлээс “Түүхэн сэдэвт шилдэг уран бүтээл” үзэсгэлэнг цахимаар толилуулж байгаа билээ.
Үзэсгэлэнд, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаа, зураач Г.Дунбүрээ, Т.Бадамжунай нарын тэргүүтэй Монголын урчуудын эвлэлийн ахмад уран бүтээлчдээс гадна залуу уран бүтээлчдийн дүрслэх урлагийн бүх чиглэлийг хамарсан 60 орчим бүтээл дэлгэгдсэн юм.
Үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл цахимаар (үзэсгэлэнг энд дарж үзнэ үү) олны хүртээл болж байгаа бөгөөд өчигдөр шилдгүүдээ шалгарууллаа.
Үзэсгэлэнгийн
- Тэргүүн байранд уран бүтээлч М.Мөнхзулын “Анхны долоо” модон сийлбэр
- Хоёрдугаар байранд уран бүтээлч Д.Булгантуяагийн “Шинэ эхлэл” бүтээл
- Гуравдугаар байранд уран бүтээлч Б.Баярт-Одын “Тэнгэрийн одод” бүтээл,
- Тусгай байранд уран бүтээлч П.Бат-Оршихын “Богд хааныг чөлөөлсөн нь”, мөн уран бүтээлч Н.Мөнхбатын “Эрхэмлэж яваарай” бүтээлүүд тус тус шалгарлаа.
Энэхүү үзэсгэлэн нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан түүхэн сэдэвт дүрслэх урлагийн бүтээлүүдийг шинээр төрүүлэх, шинэ залуу уран бүтээлчдийн түүхэн судалгааг өргөжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх үйл явцад дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад зориулсан цуврал уран бүтээл хийх зорилготой юм.