Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх…” гэж тусгагдсаны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 онд А/59 дүгээр тушаал гарч олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлсэн байна.
Тушаалд нийт Төлбөр авах 28 цэгийн үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар цахимжуулахаар тусгасан бөгөөд одоогийн байдлаар эхний үе шат буюу Налайх-Тэрэлж, Эмээлт, Хоолт гэсэн ТАЦ-ийг цахимжуулаад байгаа бол үлдсэн 25 ТАЦ-ийг энэ онд багтаан цахимжуулахаар ажиллаж байна.
Өнөөдөр Налайх-Тэрэлжийн авто замын төлбөр хураах цэгийн цахим нээлтийн арга хэмжээ боллоо.
Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгслийн ТАЦ-ээр дамжин өнгөрөх хугацааг 20-30 хувь хэмнэх, төлбөр авах үйл ажиллагаанд хүний оролцоог багасгаж, даац хэтрэлт, зөрчилтэй тээврийн хэрэгсэл гэх мэт авто зам ашиглалттай холбоотой хяналтыг сайжруулах, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим бодит цагийн нарийвчлалтайгаар гарч, мэдээллийн нэгдсэн сан бий болох, бусад байгууллагын системтэй интеграц хийж, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ гэж үзжээ.
Цахимжуулалтын ажлын эхний үе шатыг “Оргил Дельта Трейд” ХХК 325 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хүрээнд LPR камер болон RFID уншигч, NFC болон QR функцийг ашигласан пос уншигч, Тээврийн хэрэгслийн дугаар, жин, төлбөрийн хэмжээг жолоочид харуулах зориулалт бүхий LED самбарыг гарц бүрд суурилуулах, программ хангамжийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Өнөөдрийн байдлаар цахим төлбөр нь И-баримт, Сошиал пей, Монпей аппликейшнд тээврийн хэрэгслээ бүртгүүлсэн хэрэглэгчдэд үйлчлэх бөгөөд цаашид бүх банкны данснаас цахим төлбөр хийгддэг болгохоор банкнуудтай хамтран ажиллаж байна.
Одоо ашиглагдаж буй аппликейшнуудаас И-баримт аппликейшн нь зөвхөн нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч өөрийн дурын данснаас төлбөрийг хийх бол Сошиал пей болон Монпей аппликейшнд тээврийн хэрэгслээ бүртгүүлсэн иргэдийн төлбөрийг тухайн мөчид цахимаар төлөгддөг байхаар зохицуулагдсан байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар Орон нутгуудад зорчиж байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт цахим хэлбэрт орж, зөрчилтэй тээврийн хэрэгсэлд цаг алдалгүй арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын ашиглалтын нөхцөл байдал сайжирна.
Авто зам ашигласны төлбөрийг олон хувилбараар, цахимаар авах нөхцөл бүрдсэнээр төлбөр авах цэгүүд дээр түгжрэл үүсэхгүй, хэрэглэгчдэд түргэн шуурхай, соёлтой үйлчлэх нөхцөл бүрдэнэ. Төлбөр авах цэг дээр явуулж буй үйл ажиллагааны урсгал зардлыг хэмнэж, ажилчдын эрүүл, аюулгүй ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл хангагдана. Улсын авто замын санд төвлөрөх авто зам ашигласны орлого бүрдүүлэлт ил тод, шилэн болж, орлогын хэмжээ тодорхой хувиар нэмэгдэх зэргээр зам, тээврийн салбарын хөгжилд ахиц дэвшил авч ирэх томоохон ач холбогдолтой юм” гэдгийг онцлоод жолооч тээвэрчид маань шинээр нэвтэрч байгаа энэ үйл ажиллагааг дэмжиж, цахимаар төлбөр төлөх олон төрлийн хувилбарыг сонгон хэрэглэж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалсан бол “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал Б.Наранбат “Улсын хэмжээнд 28 төлбөр хураах цэг байна. Өнгөрсөн жил эдгээр цэгүүд нийтдээ найман тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2,5 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Налайх-Тэрэлжийн энэ төлбөр хураах цэгт жилдээ 600 орчим сая төгрөг төвлөрдөг” гэлээ.
Ийнхүү тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх цахим хөтөлбөрийн ажил хэрэгжиж эхэллээ.