Дуучин Кристина Агилера хөгжмийн продюсер Жордан Брэтмантай гэрлэж, Макс хэмээх хүүтэй болсон билээ. Түүнээс хойш фэнүүд нь Кристинаг гэр бүлдээ бүхнээ зориулж дуучны замналаа дуусгаж байна гэж бодож байтал саяхнаас урьдын адил гоолиг галбир, дуу хоолойтойгоо гарч ирж фэнүүдээ алмайруулсан юм. Ингээд Кристина Агилерагийн “Nice” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргье.
–Та хоёр жилийн өмнө ярилцлага өгөхдөө, миний амьдрал үлгэртэй адилхан гэж хэлж байсан. Одоо ингэж хэлж чадах уу?
-Тэгэлгүй яахав. Би хүүхэдтэй болсон болохоор миний амьдрал бүр гоё болсон. Би хүүхэд байхдаа хэзээ нөхөрт гарах бол гэж догдолж хүлээдэг охин байгаагүй. Миний хурим ямар болох бол, даашинз минь ямар байх бол, би хэзээ сүмд очих бол гэж ер төсөөлж боддоггүй байлаа. Дараа нь надад тохиолдсон бүх зүйл миний хувьд том мөртлөө таатай гэнэтийн явдал байв. Гэр бүлийн амьдрал ийм их аз жаргалтай байдаг гэж бодоогүй. Жордан бид хоёр долоон жил хамт амьдарч байна. Өдөр ирэх бүр бидний харилцаа бэхждэг. Бид ирээдүйгээ өөдрөгөөр, баяртайгаар хардаг. Миний амьдрал ийм сайхан байгаад заримдаа айдаг.
-Хүсэл тэмүүлэлтэй эрчүүд таалагддаг гэж та хэлж байсан. Таны нөхөр ямар тэмүүлэлтэй зан чанар байдаг вэ?
-Тэр цаг үргэлж өөрийнхөө өмнө итгэмээргүй, биелмээргүй ч юм шиг зорилго тавьдаг. Эргэн тойрных нь хүмүүс үүнийг мэдчихээд толгой сэгсэрдэг. Гэвч миний нөхөр бодсон зүйлээ амьдралд заавал хэрэгжүүлдэг. Мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй эрчүүд намайг их татдаг. Жордан юу хүсч байгаагаа яг таг мэддэг юм. Мөн тэр анхаарлын төвд байхыг хэзээ ч хүсдэггүй нь гайхалтай санагддаг. Сэтгүүлийн ямар нэг хуудсанд гарах, баруун солгойгүй ярилцлага өгөх нь түүний ажил биш. Түүнд ажлынхаа үр дүнг харах л хангалттай байдаг. Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд, тэр жинхэнэ эр хүн.
-Заримдаа гаж буруу ч гэмээр хувцаслаж байснаа эргэн харахад юу бодогддог вэ?
-Би дахиад хэзээ ч өмсөхөөргүй зарим хувцас, гоёо байдаг л даа. Гэхдээ зүгээр л инээд хүрдэг. Тэгээд тэр үед тийм хувцас өмсөх зоригтой байсандаа баярладаг. Гэхдээ цаашдаа ч та нарыг дахин алмайруулж магадгүй байх шүү. Дахиад л “Хүрээнээсээ гарах”-ыг хүсэхийг үгүйсгэхгүй. Бүх зүйл миний дуулж буй дуу, өдөр бүр сэтгэл санаа ямар байхаас шалтгаална.
-Таны аав гардан тулаандаа их сайн байсан гэж сонссон?
-Манай аавын нэрийг Фаусто Агилера гэдэг. Эквадорын цагаач иргэн. Арван есөн настайдаа АНУ-ын иргэн болж, армид сайн дураар алба хааж түрүүч цолтой гардан тулааны зааварлагч болсон. Тэр их хүчтэй, бас их ууртай байсан. Цэрэгт болон армид байхдаа гардан тулаанаар нэгдүгээрт шалгарч, маш их шагнал урамшуулал авдаг байсныг санаж байна. Түүнийг харахад айдас төрдөг. Харамсалтай нь, гардан тулааны урлагаа гэртээ, ээжид минь гаргаж их зоддог байж билээ. Аавын хүчирхийлэл гэрийн хаалга онгойход л эхэлдэг байсан. Тэр хэзээ зогсоно тэр мөчид л унтдаг байлаа. Миний ээж Шелли-Лорейн багаасаа хөгжимчин болохоор бэлтгэж төгөлдөр хуур, хийл тоглож сурсан боловч испани хэлний орчуулагч хийх болсон. Ээж минь их ухаантай. 1975 онд Батлан хамгаалах яаманд анх ажилд орж, Нью-Фаундленд арал дээрх АНУ-ын цэргийн баазад хуваарилагдсан 20 настай ээж минь аавтай танилцсан гэдэг. Анх хайраар учирсаны дараа яагаад эрчүүд араатан шиг аашилдаг юм болоо. Миний бага нас дарангуйлагчийн гарт сүйдсэн.
-Та бол бусдаас өнгөрсөн амьдралаа нуудаггүй хэдхэн алдартны нэг. Энэ бүх зовлон одоо хүртэл мэдрэгддэг үү?
-Үгүй дээ одоо бол түүх болон үлдсэн. Би 1980 оны арван хоёрдугаар сарын 18-нд төрсний дараа Токио дахь АНУ-ын цэргийн хаалттай баазад таван нас хүртлээ амьдарсан. Армийн 80 гаруй залуустай тоглож, дуулдаг байлаа. Харин 1986 онд тэндээс Нью Йоркт бид хоёр ааваас зугтаж ирсэн юм. Миний санахаар 1988 онд хаалганы хонх дуугарахад ээж минь ухаан алдаж унасныг санаж байна. Би айсандаа түргэн дуудахыг хүссэн ч аавыгаа хараад яаж ч чадаагүй. Тэр өдрөөс эхлэн ээж бид хоёрын хар дарсан зүүд эхэлж, диваажинд хүрэх ганц зүйл бол дуу хоолой гэдгийг илүү ухамсарлахад тусалсан. Хичээлдээ яваад л гялс хоолоо идчихээд тэр хоёрын хэрүүлийг сонсохгүйн тулд дээд давхарт гүйж гараад өрөөндөө орж, тоглоомнууддаа байдаг хоолойгоороо хашгиран дуулж өгдөг байсан. Намайг аав өрөөндөө оруулж зоддог байсан. Өрөөнөөс нь арай гэж нэг юм гарсаны дараа ээж минь гитараар намуухан ая тоглож өгөөд, өнөөдрийн амьдрал ээжээр нь дуусаг, чи минь заавал сайн ханьтай учирч сайхан амьдрах хэрэгтэй гэдэг байсан. Намайг дуулахаар аав улам уурладаг учир би зөвхөн өөртөө аяархан дуулдаг. Би дуугаараа өөрийгөө тайтгаруулдаг байсан, тэр аймшгаас өөрийгөө авч гарах ганц зам нь дуу байсан юм даа. 1990 онд ээж минь тэсвэр алдаж, салах өргөдлөө өгч, халаасандаа нэг доллартай бид хоёр тэндээс гарч байсан. Тэр үед л мөнгө ямар их хэрэгтэйг илүү их ойлгосон.
-Хэн дуулахыг чинь ингэтлээ өдөөв?
-Захын хороололд амьдардаг Фидлер эмээгийн гэрт яахаа ч мэдэхээ больсон ээж бид хоёр очсон. Фидлер эмээ эхлээд ээжийг ажилд оруулсан. Дараа нь намайг өвөр дээрээ суулгаад “Чи үнэхээр дуулмаар байвал дуу шиг дуу дуул” гэж хэлээд өөрийн дуртай дуучид болох Элла Фитцжеральд, Билли Холидей, Бесси нарын пянзыг өгсөн. Хоёр сарын дараа хүүхдийн дууны уралдаанд хөтөлж оруулсан. Найман настайдаа анх удаа үндэсний телевизээр дуулж билээ. Хоёр жилийн дараа Питтсбургийн хоккей, хөлбөмбөг, бейсболын багуудын тоглолт эхлэхийн өмнө АНУ-ын сүлд дуулал дуулах эрхийг хүртэж, өөрийнхөө дуу хоолойг илүү их мэдэрсэн.
-Таныг “Авьяасын эрэлд” телевизийн уралдаанд орж байсан гэсэн?
-Тиймээ. Од болохын тулд их хөдөлмөрсөн шүү. Этта Жеймсийн “Ням гаригийн дурлал” дууг дуулаад хасагдаж билээ. Тэр оройн нь агуу блюз дуучин Этга Жеймс над руу утасдсан юм. “Чи надад Женис Жоплин, Лайне Вашингтон хоёрын дуулахыг санагдуулчихлаа. Хүмүүсийн элдэв дайралт, хов живийг битгий тоогоорой. Юу хиймээр байна, түүнийгээ л хий. Бүх дэлхий тэр чигээрээ эсэргүүцэж байсан ч итгэж байгаа зүйлээ хийж чадсан үедээ чи үүнийг өөрийг чинь хамгаалж чадаагүй дуучдын өмнөөс дуулж, тэдний хэлээгүй үгийг хэлсэн гэж бодож бай” гэж тэр надад хэлсэн. “Чамайг хамгаалж чадаагүй хүмүүсийн өмнөөс дуул гэдэг бол миний амьдралд сонссон хамгийн чухал үг”. Этта Жеймсийн зөвлөгөө үнэхээр цагаа олсон байсан. 1990 оны эхэн үед томчууд надад хайртай харин үе тэнгийнхэн минь үзнэ яддаг байсан. Одоо бодоод байхад багадаа аавтай хамт байхдаа үзсэн тэр их зовлон, дараа нь сургуульд тохиолдсон бэрхшээлүүд бүгд намайг хатуужуулж, надад их тус болсон юм билээ. Би маш хурдан өссөн. Хэрэв тэр бүх бэрхшээл байгаагүй бол би мөрөөдөлдөө хүрч чадахгүй байсан биз.
эх сурвалж: mglradio.com