Мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотноо үргэлжилж байна. Энэ тэмцээнд сумо сонирхогчдын анхаарлыг татаж буй хоёр зүйл бий. Эхнийх нь сүүлийн зургаан башё дараалж өнжсөн ёкозүна Хакүхо зодог тайлах эсэх, нөгөө нь озэки Тэрүнофүжи 73 дахь ёкозүна болж чадах эсэх. Нагоя башёгийн арав дахь өдөр Тэрүнофүжи өмнө нь бие биеэ тус бүр нэг давсан маэгашира Чиётайрюүг, ёкозүна Хакүхо урьд нь 23 давж, нэг унасан маэгашира Окиноумиг ёрикиригээр ялжээ. Аварга, арслан хоёр арван даваатайгаар башёг тэргүүлж байгаа бол араас нь найман даваа, хоёр унаатай маэгашира Котоновака нэхэж буй.
Дээд зиндаанд барилдаж буй бусад монгол сумоч ч амжилттай яваа. Тодруулбал Тамаваши, Кирибаяма, Хоошёорюү, Ичиножо нар долоон даваа, гурван унаатай, Чёошёома нэг унаа илүү байна.