Нагоя башёгийн 11 дэх өдөр дээд зиндаанд хүч үзэж буй долоон бөхийн маань гурав нь найм дахь даваагаа авч, тавиас дээш хувийн амжилтаа үзүүлэв. Ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Ичиямамотог, Ичиножо А.Ичинноров маэгашира Таканошёог, Хоошёорюү озэки Шёодайг ялснаар “айдаггүйгээ авдартаа хийжээ”.
Сумогийн мэргэжилтнүүд болон сонирхогчдын анхаарлыг Хоошёорюү С.Бямбасүрэн ихэд татаж байгаа аж. 22 настай тэрбээр их аварга Асашсорюүгийн том ах Д.Сугаррагчаагийн хүү бөгөөд Нагоя башёд маэгаширагийн баруун жигүүрийн тавд эрэмбэлэгдсэн юм.
Дээд зиндаанд барилдаж байгаа бусад монгол бөхчүүдийн тухайд ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар 11 даваагаар тэргүүлж байгаа бол маэгашира Чёошёома Г.Мөнхсайхан, Кирибаяма Б.Лхагвасүрэн нар долоон даваа, дөрвөн унаатай явна.