Өвөрхангай аймгийн багийн засаг дарга нар малчин иргэдээ зодож танхайрсан үйлдэл удаа дарааллан гарах болжээ.
Тодруулбал, тус аймгийн Баянгол сумын гуравдугаар багийн Засаг дарга Ц.Мягмардорж нь өнгөрсөн аравдугаар сарын 31-нд архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж, морио усалж зогссон иргэн Г-г чулуугаар нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн байна. Хохирогч Г-нь нутаг усандаа нэр хүндтэй уяач бөгөөд Ц.Мянмардорж түүнийг өс хонзонгийн сэдэлтээр зодож гэмтээсэн байж болзошгүй гэнэ. Г-ын нүүрний яс цуурч мөн цөмөрсөн юм байна.
Мөн тус сумын тавдугаар багийн Засаг дарга О.Чулуунбат нь өнгөрсөн есдүгээр сард багийнхаа малчин залуугийн толгой руу архины шилээр цохиж, хагалж байсан бөгөөд нутгийн иргэд нь “Балмад явдалтай Засаг дарга нараа өөрчлөхгүй бол ажил хийхгүй нь” гэцгээн дуу алдацгааж байна.
Энэ мэтчилэн тус суманд дарга нэр зүүсэн этгээдүүд өөрсдийн дураар авирлаж, хэний өмнөөс сонгогдож юу хийх ёстойгоо мартан иргэдийг өөрсдийн хамжлага боол мэт үзэж байгааг анхаарах цаг болоод байна.