Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.16/ ард түмэндээ хандан уриалга гаргалаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давлагаа буюу короновирусийн шинэ хувилбар болох дельта вирус эрчимтэй тархаж олон улс орон хязгаарлалт хийж, хатуу хөл хорио тогтоож, зарим улс онц байдал ч зарлаж байна.
Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг тархаахгүйн тулд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Дельта вирусийн халдварлах чадвар өмнөх вирусээс 60 хувиар илүү хурдтай тархдаг. Хүний биед шинж тэмдэг илрэхээс өмнө хүндрэл өгдөг аюултай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.
Тиймээс иргэд та бүхэн аялахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, сэрэмжлүүлж явахыг сануулъя.
Өнөөдрийн байдлаар 200 гаруй мянган иргэн вакцины хоёр дахь тундаа хамрагдаагүй байна. Хэрэв та болон таны гэр бүлд вакцинд бүрэн хамрагдаагүй хүн байвал гэрийнхээ ойролцоох цэгт очиж вакцинаа хийлгээрэй гэж зөвлөе.
Иргэд та бүхэн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагаж эрсдэлийг багасгах тал дээр өөрсдийнхөө оролцоог улам нэмэгдүүлж Засгийн газар, Улсын онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин гэдэгт эргэлзэхгүй байна.
Бүх нийтийн амралтын энэ өдрүүдэд ч гэртээ харих завгүй, иргэдийнхээ амь насыг аврахын тулд хичээн ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилчин, албан хаагчдадаа ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Иргэд та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Хамтдаа сэргийлж, Хамтдаа ковидын эрсдэлийг хохирол багатай даван туулахын төлөө хичээцгээе.