Токиогийн олимпын жүдо бөхийн сугалаа болжээ. Манайхаас эрэгтэй долоо, эмэгтэй таван бөх өрсөлдөж буй бөгөөд долдугаар сарын 24-ний бямба гарагт эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын барилдаанаар эхэлнэ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аваргын нэг алт, нэг мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг гоц мөргөөд, хоёрдугаар тойрогт Германы К.Менз, Чилийн М.Варгас Лей нарын ялсантай барилдана.
52 кг-д залуучуудын дэлхийн аварга, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Л.Сосорбарам Узбекистаны Д.Келдиёроватай, 57 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа Словакын К.Кайзертэй, 63 кг-д ОУХМБ.Ганхайч Мексикийн П.Авити Алкаразтай, -78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг Израилийн И.Ланиртай барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин Голландын Т.Цикадоеатай эхний тойрогт таарсан бол 66 кг-д гоц мөргөсөн дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Ё.Басхүү хоёрдугаар тойрогт Беларусийн Д.Минкоу, Катарын А.Элидрисси хоёрын ялсантай, 73 кг-д Азийн аварга, ОУХМ Ц.Цогтбаатар мөн л гоц мөргөөд, Гвинейн бөхтэй таарчээ. Гвиней улс олимпод оролцохгүй тул гуравдугаар тойрогт барилдах болсон аж. 81 кг-д гоц мөргөсөн дэлхийн аварга Сайд Моллай гоц мөргөн, хоёрдугаар тойрогт Казахстаны Д.Хамзатай, Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана Испанийн Шеразадистай, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар -100 кг-д Эстоны А.Минашкинтэй, Л.Дүүрэнбаяр Узбекистаны Б.Олтибоевтой барилдана.
Мөн холимог багийн тэмцнэнд манайхан БНСУ-ыг ялбал ОХУ-тай таарлаа.