Зуны 32-р олимпын наадмын бамбарыг Японы алдарт теннисчин Наоми Осака асааснаар хүн төрөлхтний эв нэгдлийн наадам ёслол төгөлдөр эхэлсэн билээ. 23 настай тэрээр талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Их дуулга” цувралын Америкийн нээлттэй тэмцээнд хоёр (2018, 2020 онд), Австралийн нээлттэй тэмцээнд мөн хоёр (2019, 2021 онд) түрүүлжээ.
Өчигдөр буюу долдугаар сарын 23-ны баасан гарагт Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон олимпын нээлтийн ажиллагаанд тус улсын эзэн хаан Нарухито оролцсон аж. Коронавирусийн улмаас үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэхийг хориглосон ба зөвхөн 950 албан тушаалтан нээлтийн ажиллагааг тэнд үзэж сонирхсон байна.