Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа.
Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, Олон Улсын Хэмжээний Мастер Цэнд-Очирын Цогтбаатар медалиа авсны дараа Токио хотноо ажиллаж буй спортын сэтгүүлчдэд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Энэ медалийг маш их хичээсний эцэст авсандаа миний сэтгэл дүүрэн байна. Тэнгэрт байгаа аавдаа, саяхан мэндэлсэн хүүдээ, хайртай ханьдаа, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, бяцхан хүүдээ, анхны багш, та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл үүгээр зогсоогүй. Миний оргил хаана байгааг би өөрөө тогтоохыг маш их хүссэн.
Токиод ирэхдээ би өөрийнхөө биеийг 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна гэсэн зорилготой ирсэн.
Надад тусалж дэмжсэн бүх хүмүүс, анхны багш Ц.Шийрэв багшдаа, төрүүлж өсгөсөн ээждээ, аавдаа, хайртай ханьдаа, жүдо бөхийн хамт олон, шигшээ багийн ах дүү нартаа бүгдэд нь маш их баярлалаа. Нэрийг нь дурдах ёстой маш олон хүн миний ард байгаа. Маш их баярлалаа. Би чадсандаа баяртай байна”гэлээ.