Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан нь 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөл юм.
Монголын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн эмэгтэй тамирчид өнөөдөр /2021.07.27/ сүүлчийн тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийсэн билээ.
Тоглолтын дараа Токиогийн олимпыг зохион байгуулагчид дэлгэцэн дээр “Thank you Mongolia” гэж бичин, Монголын багт хүндэтгэл үзүүлжээ.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо цахим хуудсандаа “Олимпын наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ саад бэрхшээлийг давж амжилттай сайхан оролцлоо.
Олимпын наадмын зүгээс Монголын багийн сүүлийн тоглолтын дараа Багийн спортоор анх удаа оролцсон Монголын багт баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.
Маш том хүндэтгэл байлаа. Энэ хүртэл бүх саад бэрхшээлийг даван өрсөлдсөн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, биднийг тусалж дэмждэг бүх ивээн тэтгэгчид, Монголын багаа үзэж ялалт, ялагдал бүрт хамт байдаг Монгол түмэндээ баярлалаа.
Маш их баярлалаа ТОКИО 2020” гэжээ.