Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлд Хэнтийн аймгийн Бэрх тосгоны харьяат “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нүдний мэс заслын их эмч Л. Мөнх-Аварга нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийнхаа иргэдэд 12 сая төгрөгийн үнэ бүхий 60.000 мянган ширхэг амны хаалт хандивлалаа.
Хандивын 60.000 ширхэг амны хаалтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Соёлын дэд сайд М.Батбаяр, нутгийн зөвлөлийн дэд дарга Б.Цогтбаатар нарт хүлээлгэн өглөө.
Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр энэ үеэр цар тахлын үед Хэнтий аймгийн иргэдийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон онцгой байдлын албан хаагчдад дэмжлэг үзүүлж , 60.000 мянган ширхэг амны хаалт хандивласан “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн Л. Мөнх-Аваргад талархал илэрхийллээ.
Мөн тэрбээр хандивласан амны хаалтыг Хэнтий аймгийн сумдад хуваарилан илгээж, короновируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулах болно гэдгээ хэллээ.
“Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нүдний нөхөн сэргээх мэс заслын эмч Л. Мөнх-Аварга “Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, хууль хүчний байгууллага зэрэг амны хаалт шаардлагатай газруудад” энэхүү тусламжийг дамжуулж өгөхийг хүслээ.
“Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллага өмнө нь Хэнтий аймгийн алслагдсан сумдын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байсан бол энэ удаад Хэнтийн аймгийн иргэдэд 60.000 мянган амны хаалт хандивлалаа.
2016 оны гуравдугаар сард байгуулагдсан “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” ТББ нь нийгмийн зорилтот бүлгийн эрүүл мэндэд чиглэсэн төрийн бус байгууллага бөгөөд гишүүдийн санаачлагаар 2017 онд хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулж Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Амгалан амаржих, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч нартай хамтран Говь – Сүмбэр аймгийн Чойр хот, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Биндэр, Өмнөдэлгэр суманд урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө, оношлогооны хөтөлбөр, 2018 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэдэд үнэ төлбөргүй нүдний үзлэг зөвлөгөө, анхан шатны эмчилгээ, 2019 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв болон “Тиффани Мед” эмнэлэгтэй хамтран ТВ9 телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгтэй хамтран алслагдсан бүс нутгийн иргэнийг Улаанбаатар хотноо үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээнд хамруулсан, тархины саажилттай хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн юм.
Мөн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал Монгол улсад бүртгэгдсэн энэ үед 2020 оны дөрөвдүгээр сард ЭМЯ-нд 3000 ширхэг амны хаалт, 2020 оны 12 сард ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн хамт олонд Дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн, 2021 оны 5 сард УОК-т 24000 ширхэг амны хаалт хандивласан зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлсээр байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.