Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн барилдааны хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээ барилдаанаа хийлээ.
Энэ жинд зодоглосон МУГТ С.Батцэцэг эхний барилдаанаа Францын К.Ларрокийн эсрэг хийв. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай франц бөх барилдааны явцад С. Батцэцэгийн мэхнүүдийг маш сайн хориглож, оноо алдахгүй тэсээд байв. Харин манай бөхийг гурван удаа дэвжээнээс түрж гарган гурван оноо аваад байлаа.
Цаг дуусахад хорь гаруйхан секунд үлдсэн тун эгзэгтэй мөчид манай бөх мордох мэхээр өрсөлдөгчөө далаар нь унаган дөрвөн оноо авав. Улмаар тэндээсээ залгуулан даралтаар цэвэр яллаа.
Одоо МУГТ С.Батцэцэг Европын аварга цолтой орос бөх Ханум Вальеватай шилдэг дөрөвт үлдэхийн төлөө барилдана.