НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо, БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин нар Шадар сайдын албан өрөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхантай уулзлаа. Уулзалтаар БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин Шадар сайдад Короновируст халдвар /КОВИД19/-ыг илрүүлэх бичил лабораторийг Монгол улсад байгуулах саналыг танилцууллаа.
Тус лабораторийн хувьд ПГУ-ын түвшинд дүйцэх шинжилгээг хийх хүчин чадалтай бөгөөд шинжилгээний сорьцыг тусгай лабораторид хүргэж унших шаардлагагүй, сорьцод шууд шинжилгээ хийдэг, бага орон зай эзлэн ажилладаг, 15 минутаас 1 цагийн хугацаанд 340 сорьцыг шинжлэн хариу гаргах чадвартай, вирусийн мутаци болох альфа, дельта бусад хувилбарыг ялган таних боломжтой зэрэг олон давуу талуудтайг онцоллоо.
Энэхүү бичил лабораторийг эхний удаад Чингис хаан ОУ-ын нисэх буудал, Замын-Үүд, Алтанбулаг хилийн боомт, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд байршуулан, туршилтын байдлаар зорчигч, иргэдээс шинжилгээ авах, цаашлаад аймгуудад бусад дүүргүүдэд суурьшуулан, нэгдсэн цахим сүлжээгээр холбож, мэдээллийг нэгдсэн сүлжээ үүсгэх, лаборатори дээр ажиллах эмч эмнэлгийн ажилтнуудад сургаж дадлагажуулах боломжтой тухай доктор Ли Кён Мин уламжиллаа. Мөн ковидын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд вирусийг устгах, өвчлөлийг эдгээх БНСУ-д үйлдвэрлэсэн биологийн идэвхит бүтээгдэхүүний дээжээс монгол улсад хандивлах, цаашид худалдах гэрээ байгуулах саналтай тухай мэдээлэл хүргэлээ.
Шадар сайд С.Амарсайхан “БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин таныг УОК-той хамтран ажиллах гаргасанд талархаж байна. Холбогдох газруудаас зөвшөөрөл олгож, аль болох богино хугацаанд бичил лабораторийг байршуулах, суурилуулах асуудалд бид анхааран ажиллана. Хамгийн гол нь лабораторийн хувьд сорьцод хийх шинжилгээ нь чанар стандартын шаардлага хангасан, дэлхийн болон олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Лабораторийн хувьд богино хугацаанд сорьцыг шинжлэх, хариу гаргадаг учраас бид эхний ээлжинд хил гааль, халдварын тархалт эхтэй дүүргүүдэд байршуулна. Гэхдээ тус лаборатори сорьцоос ковидыг алдалгүй тогтоож байна уу, мутацийг ямар хэмжээд илрүүлэх вэ гэдгийг та бүхэн манай мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, туршилт хийж, үр дүнгээ ойрын хугацаанд танилцуулах хэрэгтэй. Хэрэв үнэхээр алдаа мадаггүй ажиллаж байгаа бол бид хамтын ажиллагаагаа эхлүүлж, цаашид дүүргүүд болон аймгуудын Эрүүл мэндийн төвүүдэд суурилуулна. Бичил лабораторийн хувьд бага зардлаар олон сорьцыг маш богино хугацаанд шинжлэх, дээр нь дельта зэрэг мутацийг газар дээр нь тогтоож чадвартайгаараа олон талын давуу талтай гэж харж байна. Та бүхэнд ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, НОК бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв.
БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагаас танилцуулсан дээрх лабораторийг манай улс хил гаалийн бүс, нийслэл, аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд суурилуулснаар иргэдээс авах сорьцоос Короновируст халдвар /КОВИД19/-тай эсэхийг 1 цагт багтаан тогтоож, бага зардлаар богино хугацаанд вирусийн мутацийг мөн давхар илрүүлэх боломж бүрдэх юм.