Засгийн газрын хуралдаанаас гаргасан ургац хураалтын бэлтгэл ажилтай холбоотой шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 616 мянга га-д тариалалт хийсэн. 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385.1 мянган га-д улаан буудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалсан.
Намрын ургац хураалтын ажилд ажиллах хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү буюу урьдчилсан байдлаар 8 мянга гаруй хүнийг гэрээгээр авч ажиллуулах хүсэлтийг орон нутгаас ирүүлээд байна. Тиймээс их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, залуучууд сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлийг Засгийн газраас өглөө.
Ургац хураалтын ажилд оролцох иргэдийг үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш, аж ахуйн нэгжүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад өдөрт дунджаар 50 орчим мянган төгрөгийн цалин урамшуулалтай ажиллана гэдгийг сайд З.Мэндсайхан онцлоод ургацын талбайд очиж, тариаланчдынхаа бий болгосон баялгийг хураалцах ажилд бүх нийтээрээ оролцохыг уриалсан юм.