Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 3-р хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр нар сүүлийн үед гарч байгаа соёлын өвийн хулгай, хадгалалт хамгаалалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсад археологийн хууль бус малтлага, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, эртний эдлэл, хуурамч эд зүйлсийн хууль бус худалдаа, ялангуяа хил, гаалиар археологи, палентологийн олдворыг нууж гаргах, соёлын үнэт зүйлсийг хууль бусаар өмчлөх эрхийг шилжүүлэх гэх мэт гэмт хэргүүд гарсаар байгаа юм.
Энэ оны гуравдугаар сард Завхан аймагт, 7 сарын 15-17 буюу Үндэсний их баяр наадмын амралтын өдрөөр Архангай, Завхан аймагт, 8 дугаар сарын 09-нд Өвөрхангай аймагт гэмт этгээдүүд музей, хийдүүдэд дараалан нэвтэрч хулгай хийж соёлын өвд маш ихээр хохирол учрууллаа. Иймд Соёлын сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдаж, Архангай, Өвөрхангай, Завхан аймгуудад соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалтай танилцаж, газар дээр нь үүрэг чиглэл өгч ажиллав.
Мөн Соёлын яамнаас холбогдох байгууллагууд, ЮНЕСКО болон Интерполтой хамтран цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бүтцийг бий болгох, хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна.
Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн хэлэхдээ “Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад аймаг бүр соёлын хяналтын байцаагчтай байх заалтыг бид тусгасан. Засгийн газрын 169 дугаар тогтоолоор аймаг бүрт соёлын нэгж байгуулах шийдвэрийг батлуулсан. Эдгээр ажлууд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үндэсний мэргэжлийн сүлжээ бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх юм. Бид цагдаагийн байгууллагатай хамтран энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах биш, ийм гэмт хэрэгт огт гардаггүй болгоход анхаарлаа хандуулж байна. Энэ дархлааг бий болгоход Соёлын яамны гол бодлого чиглэж байна. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг бид бүх шатандаа хэрэгжүүлж ажиллаж байна. Орон нутагт ажиллах явцад коронавирусын цар тахалтай холбоотойгоор музей болон бусад соёлын байгууллагуудын хараа хяналт, анхаарал суларсан байдал ажиглагдсан.
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд ард иргэдийн оролцоо маш чухал. Иргэд өөрийн эзэмшдэг соёлын өвийг бүртгүүлэх хэрэгтэй. Үүнийг мэдэхгүй, бүртгэлгүй байгаагийн улмаас цагдаагийн байгууллагын ажилд хүндрэл учирдаг. Тиймээс иргэд идэвхитэй оролцож өөрт байгаа соёлын өвийг Монгол Улсын соёлын өвд бүртгүүлэх, орон нутаг дахь булш, хэрэгсүүрийг тонон дээрэмдэх гэмт хэргийг зогсоохын тулд иргэдийн оролцоо чухал байна.” гэв.
Түүх соёлын дурсгалыг хадгалж буй музей харуул хамгаалалтаа сайжруулж, камержуулах хэрэгтэйг тэрээр онцлон, соёлын өвийн гэмт хэргийн эсрэг бүх нийтийн оролцоо чухал байгааг дурдав.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 3 дугаар хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр “2017 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлан оруулсан.
Тухайн төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга нь мөнгө угаах гэмт хэргийн үйлдэлтэй төстэй байх ба үүнээс гадна хулгай, залилан, булш бунхан, хиргэсүүр ухаж сүйтгэх, тэдгээрээс гарсан эд зүйлийг улсын хилээр давуулан гадаад улсад худалдан борлуулж байгаа. Гэмт хэрэг үйлдэгч нь ихэвчлэн эртний эдлэлийн ченжүүд гэх тодотголтой иргэд, энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж, удаа дараа ял шийтгүүлж байсан хүмүүс байгаа бөгөөд захиалагч нь гадаад улсын иргэд байна.
Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт заагдсан дээрх төрлийн гэмт хэрэг нь хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойш 25 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 11-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоон, эцэслэн шийдвэрлэлээ. Одоогоор есөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин түүх соёлын эд зүйлс хадгалагдаж буй музей, хийдэд үйлдэгдсэн хулгайн гэмт хэрэг жил тутамд өсөх хандлагатай байна. Энэ оны эхний найман сард нийт долоон гэмт хэрэг бүртгэгдсэнээс цагдаагийн байгууллага зургаан хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон. Нэг хэргийг мөрдөн шалгаж байна” гэлээ.