Дугаарын хязгаарлалтыг цуцлах уу, үгүй юу гэсэн асуудлаар хотын захиргаа иргэдийн саналыг сонссон биш эгээтэй л хоёр найзыг маань муудалдуулчихсангүй.
Бүтэн сайн өдөр бидний хэдэн найзууд уулзалдаж, нийгэм, эдийн засгийн талаар буу халав. Нэг маань ирэх гэж баахан цаг алдсан болохоор ерөнхийдөө ярианы гол сэдэв замын түгжрэл байлаа. Тэр яриа яван явсаар өөр сэдэв рүү хальснаас болоод нөхдийн дунд халуухан маргааны эхлэлийг тавих нь тэр. Хоёр найзын нэг нь дугаарын хязгаарлалтыг цуцлахын эсрэг, нөгөө нь цуцлах саналтай байв. Харин миний хувьд дугаарын хязгаарлалтыг хэвээр үлдээх хүсэлтэй байлаа.
Манай машин лхагва гаригт явдаггүй. Тэр өдөр нь автобусанд суугаад явах бас заримдаа амар байдаг юм. Энэ тэндээс галзуу согтуу хүмүүс ирээд дайрчих вий гэж стресстэхгүй өнждөг ганц өдөр. Заримдаа машинаа тавьсных гээд уулзаагүй удсан найзуудтайгаа “булчингаа суллах” нь бий. Дулаахан өдөр агаарт алхсан шигээ дасгал хийчихнэ.
Өнгөрсөн хугацаанд замын түгжрэл нэг үеэ бодвол эрс багассан нь үнэн. 40 минут явдаг газар 25 минутад амждаг болсон нь өнгөрсөн зун зарим замын уулзваруудыг өргөтгөснөөс болсон байх. Гэхдээ ерөнхийдөө дугаарын хязгаарлалтаас болж замын ачаалал ямар ч байсан 30 хувь буурсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар хотын захиргаа иргэдийн санал бодлыг авахдаа цахим сайтуудыг ашиглаж байгаа. Гэтэл барилгачин, захын наймаачид, таксины жолооч нар интернэтэд өдрийн турш ордог бил үү. Энэ өнцгөөс нь харвал иргэдийн санал өрөөсгөл гарах магадлалтай.
Бүтэн, хагас сайн өдрүүдэд хотын төвийн зам сэлүүхэн байх ч захын замуудад замбараагүй түгжрэл үүсдэг. Бүгдээрээ гардаг эрхтэй байдаг хоёрхон өдөрт хүн бүхэн ажлаа амжуулах гэж яваа болохоор хэнийг ч ад үзэх билээ. Тийм болохоор амралтын өдөр гадуур гарна гэдэг “Би явж байна, Бээжин сууж байна” гэдэг шиг юм болдог болж.
Нэг дэх өдрийн өглөө ямар их ачаалалтай байдгийг замын хөдөлгөөнд оролцдог нийслэлийн бүх иргэд анзаарч байгаа. Ялангуяа өвлийн халтиргаа, гулгаатай үед дугаарын хязгаарлалт зарим жолоочид авралын од болдог ч байхыг хэн мэдлээ. Согтуугаар машин унадаг, түүнээс болоод бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулдаг монголчууд шиг түрэмгий, ууртай хүмүүст дугаарын хязгаарлалт хэрэгтэй байх аа. Ялангуяа өмнөх шийдвэрээ өвлийн цагаар цуцлах юм бол халтиргаа гулгаатай байгаа үед зуныхаа дугуйг сольчихож чадахгүй зарим нөхдүүд замын хөдөлгөөнд оролцож, осол, зөрчил гаргах явдал олширч магадгүй л юм. Түргэний тэрэг түгжрэл дунд хамаг цагаа алдаж, түүнээс нь болоод хүний амь эрсдэхгүй гэх газаргүй шүү дээ. Хэдэн жилийн өмнө түгжрэлээс болоод галын машинууд гэр шатсан хойно ирдэг гэсэн хэл аманд өртдөг байлаа. Тэгэхээр хотын замуудад ачаалал үүсгэдэг элдвийн асуудлуудаа шийдсэний дараа дугаарын хязгаарлалтыг цуцлах нь хамгийн зөв хувилбар болох байх. Улаанбаатарт авто замын ачаалал үүсгэдэг захуудаа эхлээд хотоос нүүлгэчих. Тэгээд дараа нь дугаарынхаа хязгаарлалтыг цуцлабал ямар вэ. Тэгэхгүй бол ажилдаа ирэх, очих, гэртээ харих гээд бөөн “зовлон” болж хувирах шинжтэй байна. Хэрэвзээ дугаарын хязгаарлалтыг цуцлахаар болбол жолооч нараа хөнжил гудас, идэх хоолоо аваад явах хэрэг гарч магадгүй шүү. Зарим холын гэртээ нөхдүүд “био жорлон” худалдан авахад ч гэмгүй байх. Замдаа гэдэс эвгүйрхдэг, замын түгжрэл таг байвал яах вэ.
Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №038 Н.ХҮСЛЭН