Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид энэ сарын 16-22-ны өдрүүдэд ОХУ-ын Уфа хотод зохион байгуулагдах залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор зорилоо.
Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн, 61 кг-д Р.Баттулга, 65 кг-д Э.Төгсжаргал, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д Б.Мөнхдаваа, 92 кг-д А.Мягмарсүрэн, 97 кг-д Н.Баярбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхзул, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д М.Мөнхгэрэл, 57 кг-д Б.Ганцэцэг, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д Д.Цогзолмаа, 76 кг-д Б.Одбаг нарын 14 тамирчин хүч үзэх юм. Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр болон Ц.Баярсайхан, Н.Баатар, М.Мөнхбат, Ё.Батдархан, Г.Амархүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.
Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин А.Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А.Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.